“Косовогийн Мандела” 82 насандаа өөд боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-07-27 10:30:09
twitter.com/Nyamkanmk
ПРИШТИНА. /Reuters/. Олон жилийн хугацаанд улс төрийн хоригдол байсан гэдгээрээ албаничуудын дунд алдаршсан, Сербийн дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөнөөрөө “Косовогийн Мандела” гэгддэг байсан Адем Демачи 82 насандаа өөд болжээ.

Югославын үед Сербийн шоронд 28 жил хоригдож байсан тэрбээр Косово-д олонхийг бүрдүүлдэг албаничуудын бэлгэ тэмдэг байсан юм. Албаничууд коммунист дэглэмтэй Югославын үед илүү эрх эдэлж, тусгаар тогтнохын төлөө хатуу бэрхийг ихэд туулсан билээ.

"Бидний эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон хүн маань өөд болсон гэхээр итгэхэд бэрх байна. Тэрбээр нүүр тулсан ямар ч сорилтод нугарч, бөхийдөггүй байсан" гэж Косовогийн Ерөнхийлөгч Хашим Тачи өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдэгджээ.

Косовогийн Ерөнхийлөгч түүнийг өөд болсонтой холбогдуулан улс даяар гурван хоногийн гашуудал зарласан байна.

Адем Демачи 1991 онд хүний эрхийн төлөө хийсэн ажлаараа Европын парламентын Андрей Сахаровын нэрэмжит шагналыг хүртсэн байна. Тэрбээр 1990-ээд оны сүүлээр Партизаны дайныг эхлүүлсэн Косовогийн Чөлөөлөх армийн улс төрийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.

НАТО-гийн холбоотнууд Сербийн хүчинд агаараас цохилт өгч, буулган авснаас бараг 10 жилийн дараа буюу 2008 онд Косово Сербиэс өрх тусгаарлаж, албаничуудыг эрх чөлөөнд хүргэсэн юм.

Косовогийн тусгаар тогтнолыг дэлхийн 115 орон хүлээн зөвшөөрсний дунд ЕХ-ны 23 улс байсан юм. Харин НҮБ-ын гишүүн болох саналыг нь Сербийн холбоотон болох ОХУ, БНХАУ хориглосон байна.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ