Перл-Харборт япончууд халдсанаас хойш 74 жил өнгөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. Японы нисэх хүчин АНУ-ын Тэнгисийн цэргийн Перл-Харбор баазад халдсанаас хойш 74 жил өнгөрсөн өдөр буюу даваа гарагт Нью-Йорк хотод дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. Уг халдлага нь АНУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орох шалтгаан болсон юм.
Амь үрэгдсэн 2400 орчим цэргийг дурсах гашуудлын арга хэмжээ Манхэттен боомтын зогсоолд зогсож буй нисэх онгоц тээгч “USS Intrepid” хөлөг онгоц дээр болжээ. Уг арга хэмжээнд хэдэн арван ахмад дайчин оролцож, хөлөг онгоцны давцанд дурсгалын цэцэг тавьсан байна.
Дурсгалын арга хэмжээ мөн Хавай муж улсын Перл-Харбор буланд япончууд бөмбөгдөх үеэр живсэн “USS Arizona” жагсаалын хөлөг онгоцонд зориулж байгуулсан дурсгалын цогцолборт болж, 3000 орчим хүн оролцжээ. Уг арга хэмжээнд оролцогсдын дунд Японы халдлагын үеэр амьд үлдсэн хэдэн арван хүн байсан байна.
Вашингтон хотын Үндэсний дурсгалын цогцолборт болсон арга хэмжээнд Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчдаас одоо амьд сэрүүн байгаа Америкийн иргэн Фрэнк Левингстон оролцжээ. Тэрбээр 11 дүгээр сарын 13-нд 110 нас хүрсэн байна. Германы фашистуудыг болон Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялахад амь насаа зориулсан Америкийн 400 мянга гаруй иргэний дурсгалд зориулж босгосон “Эрх чөлөөний хана” дурсгалын цогцолборт Левингстоны хамт 20 шахам ахмад дайчин цэцэг өргөжээ.
1941 оны 12 дугаар сарын 7-ны өдөр өглөөний 07 цаг 55 минутад Японы байлдааны 353 онгоц Хавайн арал руу нууцаар нисч, АНУ-ын Номхон далайн флотын гол хүчийг бөмбөгдсөн билээ. Гэнэтийн дайралтын улмаас 20 хөлөг онгоц, 188 нисэх онгоц сүйрч эвсэл их хэмжээгээр эвдэрч сүйдсэн байна. Энэ халдлагын үеэр АНУ-ын оролцсон байлдааны ажиллагааны түүхэн дэх хамгийн олон буюу 2390 хүн амиа алдаж, 1178 хүн шархаджээ. Японы талаас 29 онгоц, таван жижиг шумбагчаа алдсан байна.
Дараагийн өдөр нь буюу 12 дугаар сарын 8-нд АНУ Японд дайн зарласнаар Дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орсон юм.
Д.Жаргал