Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлын бүс рүү нэвтэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /DW/. Хятадын эргийн харуулын хөлөг онгоцнууд өчигдөр Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку арлуудын (Хятадаар Дяоюйдао гэж нэрлэдэг) ойролцоох Японы хяналтад байдаг усан бүс рүү нэвтэрчээ.
Уг үйл явдалтай холбогдуулан Хятадын тал мэдэгдэхдээ, "улс орны эрх ашгийг" хамгаалахын тулд Японы хяналтад байдаг, хүнгүй эдгээр арлуудын нутаг дэвсгэрийн усан бүсэд "эргүүл хийсэн" гэсэн байна.
Дээр хэрэг явдал хоёр улсын харилцаа хурцадсан үед гарлаа. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ 11 дүгээр сарын 7-нд парламентын чуулганд үг хэлэхдээ, Тайвань руу Хятад довтолсон тохиолдолд цэргийн хүчээр хариу арга хэмжээ авахыг үгүйсгээгүй юм. Эл мэдэгдэл Бээжингийн бухимдлыг төрүүлж, Японы талыг байр сууриа өөрчлөхийг шаардсан юм. Хятадын Засгийн газар иргэддээ Япон руу зорчихгүй байхыг зөвлөжээ.
Үүний сацуу Т.Санаэ цөмийн зэвсэг эзэмшихгүй байхтай холбоотой Японы баримталж буй зарчмуудыг эргэн харах асуудлыг судалж байгаа тухай сүүлийн үед мэдэгдэх болжээ. Тухайлбал, "Киодо" агентлаг энэ талаар засгийн газрын эх сурвалжуудыг эш татан 11 дүгээр сарын 14-нд мэдээлсэн байна. Үүнээс өмнө мөн “The Japan Times” сонинд мэдээлжээ.
1967 онд батлагдсан “цөмийн зэвсгээс ангид байх гурван зарчмын” дагуу Япон нь цөмийн зэвсэгтэй болох, үйлдвэрлэх, нутаг дэвсгэртээ байрлуулахаас татгалзсан байдаг. Японы эрх баригчид энэ хориг нь зөв эсэхэд эргэлзэх болжээ. Учир нь энэхүү зарчим нь Японы холбоотон улс болох АНУ-аас үзүүлж байгаа цөмийн тогтоон барих хүчин чадлыг бууруулж байна гэж үзэж байгаа юм. АНУ Японы цэргийн баазууд болон түүний боомтуудад зэвсэг байрлуулах боломжгүй юм.
Өчигдөр буюу ням гарагт Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагт Хятадын 30 цэргийн нисэх онгоц, долоон байлдааны хөлөг онгоц Тайвань арлын эргэн тойрон дахь агаарын орон зай болон усан бүсэд нэвтэрчээ.
Улаанбаатар