Мөрринчин аварга, Лувсандаш арслан болсон отгон Даншиг ба Хүрээ цам

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-08-01 17:53:36
Гандантэгчэнлин хийд  болон бусад бурханы шашны сүмүүд Даншиг наадмыг сэргээх талаар Нийслэлийн удирдлагад удаа дараа  хүсэлт тавьсан аж. Уг хүсэлтийг хүлээн авч Монгол улсын Үндсэн хуулийн (”Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”) гэсэн заалтын хүрээнд   Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) , Даншиг наадам- Хүрээ цам шашин, соёлын арга хэмжээг  2015  онд сэргээн зохион байгуулсан байна.  Энэ жил дөрөв дэх нь болно. Үүнийг нэг талаар хаалттай байсан бурханы шаншны зан үйлийг сэргээж байгаа, нөгөө талаар монголчуудын онцлогийг сонирхож ирсэн жуулчдад зориулсан гэж зохион байгуулагчид нь ярьж тайлбарладаг.

Даншиг наадам, Хүрээ цам хоёр нь тус тусдаа өөр өөр зориулалтаар бий болсон гэж судлаачид үздэг. Он дарааллын хувьд аваад үзсэн ч  Даншиг наадам 1639 оноос эхтэй. Тэгвэл Хүрээ цам 1811 оноос  шашны зан үйл болон  орж ирсэн байх жишээтэй.   Гэвч манай  монголчууд одоо  зангидаж нэг цогц арга хэмжээ болгон зохион байгуулж байгаа ажээ.  

Даншиг наадам
Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарыг Халхын шашны тэргүүнээр өргөмжлөн, хаан ширээнд залахад  Бат оршил өргөх (Даншиг)  наадам 1639 онд болжээ. Монголчууд ингэж өөрсдийн шашны тэр­гүү­нийг бий болгож, түүн­дээ оюун са­наа, шашин соёлын хувьд нэгдсэн түүхтэй гэж  түүхчид хэлэх юм билээ.

Даншиг наадам нь XVIII-XX зууны эх хүртэл монголчуудыг нэгт­гэж, өв соёлоо төгс утгаар нь авч явах, өөрөө өөртөө үнэлэмж өгч чадах нөхцөлийг бүрдүүлж өгч байсан аж. Манж Чин улсын бүрэн эрхшээлд (1691-1911он)  монголчууд байхдаа Чин улсын ямар ч нөлөөгүйгээр Даншиг наадмаа хийдэг байжээ. Монголд 1639-1924 оны хооронд  найман Богд тодорсон байна. Бог­дуудын өнгөн дээр Даншиг наа­дам тасралтгүй явж ирсэн бөгөөд улам төгөл­дөр­шиж бурханы шашин манайд нутагшсан байна.                                     

Түүхэн үйл явдалд оролцож байсан хүмүүсийн бичиж үлдээсэн эх сурвалжууд, хадгалагдан үлдсэн  гэрэл зураг дээр тулгуурлан Дан­шиг наадмын дэг ёс ямар байсан талаар тус наадмыг сэргээн зохион байгуулах ажлын хэсэгт 2015 онд   материал бэлтгэн   гаргаж өг­сөн гэж ШУА-ийн “Түүх, архилог”-ийн хүрээлэнгийн захирал доктор С. Чулуун хэлсэн байх юм. Тэрбээр түүхэн эх сурвалж нь:
- Хоёрдугаар Богдыг залах үйл явдлыг 1728 онд нүдээр үзсэн хүний Даншиг наадам хэрхэн зохион байгуулдаг, ямар ёс горимтой байсан  юм бэ гэдгийг маш тодорхой бичсэн тэмдэглэл,
- Монгол Улсад 1861-1910 он хүртэл 50-аад жил Элчин консулаар сууж байсан гадаад хүмүүсийн   тэм­дэг­лэлээр бүтсэн “Монголын ард түм­ний наадам” тов­химол,
- Маг­сар хурц гэдэг хүний “Долоон хошуу Даншиг наадам”  зохиол хэмээн дурьджээ.   Гэрэл зургийн хувьд  Хиагтад  амьдарч бай­сан Лужников гэдэг баян худалдаачин гэр бүлийнхээ хамт 1896 онд монголд аялахдаа  Даншиг наадмын гэрэл зураг авсан нь ОХУ-ын архивт хадгалагдаж байсан  байна. Уг түүхэн цуврал гэрэл зургийг  доктор  С. Чулуун тэндээс олж иржээ.
 
Энд даншиг наадмын бөхийн талаарх нэгэн баримтыг та бүхэн хүргэе. Түүнд ”Олноо өргөгдсөний хоёрдугаар он.(1912) Зун цаг. Очирдарь Богд эзэн Гэгээн хаан танаа Бат-Оршил (даншиг) өргөж бэлэгтэй ёсоор наадам үйлдэхүй. (1032 бөхийн барилдааны шувтаргын талаарх баримт)
Есдүгээр үе/даваа/
1. Дээрхийн шавь Гэндэндаржаа арслан Их дагина таны Тавхай арсланд
2. Их дагина таны Лувсандаш Их шавийн Бадгааг
3. Дээрхийн шавь Мөрринчин арслан гоц мөргөв
Аравдугаар үе/даваа/
1. Дээрхийн шавь Тавхай арслан Их дагина таны Лувсандашд
2. Дээрхийн шавь Мөрринчин арслан гоц мөргөв
Арваннэгдүгээр үе/даваа/
1. Дээрхийн шавь Мөрринчин арслан түрүүлж, Их дагина таны Лувсандаш хоёрт үлджээ.
 
Хэнтий аймаг (одоогийн)- ийн Батноров сумын нутагт 1880 онд төрсөн Майдарын Мөрринчин нь энэ Даншиг наадамд түрүүлж АВАРГА болжээ.
Булган аймаг (одоогийн) -ийн Хутаг-Өндөр суманд 1887 онд төрсөн Цэдэнгийн Лувсандаш нь энэ отгон Даншиг наадамд үзүүрлэж АРСЛАН болжээ “ гэсэн байна.
 
Эрийн гурван наадам (Даншиг) 1912 оны өндөрлөсөн гэх. Харин 1913-1924 оны хооронд зөвхөн Уул тайлгын наадам хийжээ. Богд хан, Хан Хэнтий уулыг тахиад хийдэг байсан Уул тайлгын наадам нь урьд өмнөх онуудад Даншиг наадмын өмнө болдог байв. Өөрөөр хэлбэл, улсын чанартай хоёр том наадам  тэр үед болдог байжээ.
 
Хүрээ цам
Хувь хүнээс хийгээд хөндлөнгөөс учирч болох гай, зовлон, гаслангийн уг учир шалтгааныг дарж, хөөн зайлуулах бэлгэдэлт нууц тарнийн ёсны тойрон бүжгийг цам  гэнэ гэж тодорхойлжээ. Цамын талаар үүнээс өөр хэд хэдэн тодорхойлолт байна билээ. Тэр бүхнийг энд дурьдах албагүй гэж үзлээ.

Цам цамнах (бүжих)-даа тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих, биеийг ганхуулан сэгсрэх, гараа олон янзаар хөдөлгөх, харайх дэвсэх, алхах зэрэг өөр өөрийн онцлогтой хөдөлгөөнүүд  хийнэ. Хөдөлгөөний эрч хүч, аяс намбаар инээх, хилэгнэх, аварах, тонилгох гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан бие хэл сэтгэл гурвыг нэгэн цогц болгон төгс хэлбэрт оруулдаг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн), агуулдаг гэж үздэг. Цамын дүр бүрийн хөдөлгөөн урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг онцлогийг илэрхийлнэ. Эдгээр хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуунд хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсаны орон сууринг чичрүүлэн доргиох, хураах эвдлэх санааг харуулдаг. Харин харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ дээшлэх тусам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог учиртай юм байна.

Их хүрээнд 1811-1937 он хүртэл 127 удаа цам гарчээ. Гандантэгчэнлин хийдэд 1999 онд хүрээ хуучин дэг жаягаараа сэргэжээ.

Цам харайх ёслолын гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих. Тэрбээр урт нас, удаан жаргал, өлзий хутга түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буян хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараана. Бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох гай зовлон, саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Энэ үед сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, гай барцадаа зайлуулхыг хүссэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг гэж үздэг.

Цам нь  соёл урлагийн нандин өв, нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амруулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэлт шашны зан үйл юм. Баг өмсгөл хэрэглэлийг алт, мөнгө шүр сувд, хоргой того  зэрэг үнэт зүйлээр чимэглэн урладаг. Монгол цам 700 орчим сүм хийдэд нутаг орон хүрээ хийдийн онцлогоос хамаарч өөр өөрийн өвөрмөц онцлогтой 500 орчим дэг найруулгатай байсан  гэж  үздэг юм байна.

Энэтхэг, түвдэээс гаралтай цамыг монголын бурханы шашны үе үеийн зүтгэлтнүүд Монгол хүний төрх байдал, ахуй зан сэтхүйд бүтээлчээр зохицуулан баяжуулан ардын гар урлал, гоёл  чимэглэлийн урлагтай уялдуулан хөгжүүлж чадсан гэж музейн салбарын мэргэжилтнүүд хэллээ.  Үүний тод жишээ нь Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа Жамсран бурханы ширэн баг гэнэ.  Цаасан шуумлаар баг хийж, 17 мянган ширхэг улаан шүрээр чимэглэхдээ хүний нүүрний мах булчингийн ширхэгийг ялгаруулан гарган урлажээ.

Даншиг наадам- Хүрээ цам шашин, соёлын цэнгүүн
Даншиг наадам уул тайлгын, цэргийн наадамтай нийлж Улсын баяр наадам болоод  1924-2015 оны хооронд тасарчээ. Хүрээ цам ялгаагүй 1937- 2015 оны хооронд олныг хамрах хүрээнд болж байгаагүй. Гандантэгчэнлин хийдэд хэсэгчлэн  1999 онд сэргэсэн байх жишээтэй. Удаан хугацаагаар завсралсан зан үйл хаана хүрээд зогсоно, тэндээсээ дахин сэрэгдэг бололтой. Түүнийг сэргэх суурь нь тавигдаад байгаа Даншиг наадам, Хүрээ цамаас харж болно. Ойрлцоогоор 100 очим жил цаг төр үймэж тасалдаагүй бол энэ хоёр зан үйл улам боловсронгуй болж орчин цагтайгаа нийцсэн байх нь ойлгомжтой. Дундаа тасарсан учир хуучин дэг жаягаар нь сэргээх гэхээр нүдээр үзсэн хүн байхгүй. Ам дамжсан яриа, нүдээр үзэж харсан хүмүүсийн бичиж тэмдэглэж үлээсэн эх сурвалжууд дээр тулгуурлан сэргээх оролдлого хийж байна. Гэтэл түүнийг хүлээж авах хүмүүс, ахуй байдал тэр үеийнхээс дэндүү их өөрчлөгдсөн байх жишээтэй. Иймд төрийн түшээ, шашны зүтгэлтнүүд нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг цаг үе  шаардаж байна гэж хэлж болно.

Төрийн түшээд, шашны зүтгэлтнүүд нэгдсэн шийдэлд хүрэхгүй байвал цаг үеийг дагаж гарч ирсэн олон янзын ойлголт, урсгал чиглэл байгаагаас хамаарч өвгөдийн бүтээсэн оюуны бүтээл үнэгүйдэхэд хүрэхвий гэсэн болгоомжлол судлаачдын дунд байдаг юм байна.

НИТХ-д нутаг дэвсгэр дэх шашны сүм хийдүүд харъяалагддаг. Гэтэл хурлын дарга С. Амарсайхан  Даншиг наадам- Хүрээ цам шашин соёлын цэгүүнийг   эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ. Энэ бол төрийн түшээд, шашны зүтгэлтнүүд энэ наадам, цэгүүний талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаагийн хамгийн ойрхоны жишээ.  Нэг удаа НИТХ-ын даргын байр суурь болохоос НИТХ-ын байр суурь биш гэж үзээд орхиж болно. Гэтэл цаашдаа юу болохыг өнөөдөр хэлхэд хэцүү.

Шүүмлэгсдийн байр суурийг харахад наадмын дараа наадам хийлээ гэж хэлж байна. Нөгөө тал нь жуулчдад зориулсан гэх юм. Харин  ирсэн жуулчдын олонхи нь улсын наадам тохиолдуулан ирдэг гэж хэлдэг. Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын цэнгүүнийг тогтмолжуулснаар гадаадын жуулчдад сонголт бий болох юм биш үү. Тэгээд ч Улсын наадмын гол арга хэмжээ болдог цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжийг бодохоор хоёр наадамтай байх нь тйим буруу зүйл биш бололтой.

Даншиг наадмын  өмнө засаг захиргааны наадам хийж байсан уламлал монголчуудад байсан байна. Тэр жишгээр Даншиг наадам- Хүрээ цам шашин соёлын цэгүүнийг авч үзэж болох юм биш үү. Наадам дуусна, жуулчид буцна. Энэ бол үнэн. Бусад нь юу болохыг эрхэм хүн та өөрөө шүүн тунгаана биз ээ.  Гэхдээ Даншиг наадам- Хүрээ цамыг улс төрчдийн хэрүүлийн алим болгон удааж болбогүй гэж түүхч, судлаачид хэлж байна. Тэдний байр суурийг хүрэглээ. Г. Эрдэнэбат
 

Холбоотой мэдээ