Гадаадын хөрөнгө оруулалтыг татах журмаа хялбаршуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
172@montsame.mn
2018-08-03 09:57:54
ГАВАНА. /ПРЕНСА ЛАТИНА/. Кубын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтыг татах журмаа хялбаршуулах үүднээс хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнтэй холбоотой тогтоолуудыг тус улсын хууль зүйн яамны албан ёсны хэвлэлд пүрэв гарагт нийтэлсэн ажээ.
 
Шинэ дүрмийн дагуу хөрөнгө оруулах хүсэлтэй этгээдүүд Кубын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яаманд төслийнхөө техник-эдийн засгийн үндэслэлийг танилцуулах албагүй болж байгаа аж. Төслийн эхний шатанд байгаль орчинд үзүүлэх нөлөөний тухай болон батлан хамгаалах эрх ашигт нийцэж байгаа эсэх талаархи материалууд гаргаж өгөхийг  шаарддаг байсныг мөн болиулж байгаа юм байна.
 
“Түүнээс гадна хөрөнгө оруулалтын төслүүдийг авч хэлэлцэх, батлах хугацааг багасгасан, засаг захиргааны зүгээс хэрэгжүүлдэг ажиллагаануудыг хялбаршуулсан нь Куба улс руу гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тус дөхөм үзүүлэх нь дамжиггүй”  гэж тус улсын гадаад худалдааны яамны гадаадын хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал Дебора Ривас мэдэгджээ.  
 
Албан ёсны тооцоо судалгааны дагуу Куба улсад үндэсний эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлэхэд жил бүр 2,5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ