Бэнцэ Иштван: Хархориноос Бээжин рүү морин аяллаа үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
nandintsetseg@montsame.gov.mn
2018-08-03 10:35:00
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Шүдний эмч мэргэжилтэй ч морины хорхойтон Унгар улсын иргэн Бэнцэ Иштван одоогоос гурван жилийн өмнө Унгарын нэгэн жижиг тосгоноос Монголын эртний нийслэл Хархорин хүрэх морин аяллаа эхлүүлжээ. Ийнхүү Унгар, Серб, Болгар, Турк, Гүрж, Азербайжан, Казахстан, Монгол зэрэг найман улсын нутгаар 9 мянган км аялан, зорьсон хэргээ бүтээсэн тэрбээр манай агентлагт сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Юун түрүүнд та өөрийгөө танилцуулаач?

-Би 54 настай, шүдний эмч мэргэжилтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр эрх зүйч мэргэжилтэй, хүүхдүүд маань анагаахыг чиглэлээр суралцдаг. Гэр бүл минь миний дуртай зүйлийг дэмждэг учир олон сараар гэрээсээ хол байхад санаа зовох зүйлгүй байдаг.  

-Яагаад мориор Монгол Улс тэр дундаа Хархорин хотыг зорих болов. Өмнө нь мориор урт зам туулж байсан туршлага танд бий юу?

-Би угсаатны гарал үүслийг судлах дуртай хүн л дээ. Монгол, Унгар улс талын эзэнт Хүннү гүрнээс үүсэлтэй. Өөрийгөө морьтон соёлын үргэлжлэл гэж боддог учир мориор Монголыг зорихоор шийдсэн. 2016 онд Унгарын Сайло хэмээх жижиг тосгоноос Хархорин хотыг зорин эхлүүлсэн аялал маань амжилттай өндөрлөсөнд баяртай байна. Сайло тосгонд Хүннү гүрний хаан Атиллагийн бунхан байдаг гэж Унгарчууд ам дамжин ярьдаг. Хархорин хот Монголын эртний нийслэл учир сэтгэлд их ойр санагдсан л даа. Би амьдралынхаа 20 жилийг морьтой ойр амьдарч, морь судлахад зориулсан. 2009 онд Казахстанаас Унгар улс руу, 2012 онд Унгараас Казахстан руу мориор аялж байсан.  

-Энэ урт замыг мориор туулахад хүндрэл, бэрхшээл хэр тулгарав?

-Морин аялал хийхдээ зохион байгуулалттай, нарийвчилсан төлөвлөгөөтэй аялах хэрэгтэй.  Аяллын туршид морио сольж, тухайн улсын мориор аялж байсан учир нутгийн хүмүүстэй урьдчилан холбоо тогтоож, морь олох тал дээр бага зэрэг хүндрэл үүссэн. Монголын нутагт орж ирээд 40 орчим морь сольсон. Нэгэн цагт дэлхийн талыг эзлэж байсан монгол морь үнэхээр хүч чадал ихтэй юм байна гэдгийг харлаа. 

-Анх Монголд орж ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Мориор аялж яваа намайг хараад монголчууд элгэмсэг дотно хандаж байсан нь өмнө нь Монголд ирж байгаагүй надад их сайхан санагдсан. Баян-Өлгийн боомтоор анх орж ирэхэд казах хүмүүс олон байсан нь Казахстанаас гараагүй мэт сэтгэгдэл төрүүлсэн. Цаашлаад Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар 20 гаруй хоног аялж Улаанбаатар хотод ирсэн. Монголын байгалийн тогтоц их өвөрмөц, уул толгод, цэлгэр уудам тал, хөх тэнгэр нь үнэхээр сайхан байсан. Ховд аймагт явж байхдаа Манжийн үеийн сумаар дайран өнгөрсөн, эртний нийслэл Хархоринг үзэж сонирхсон гээд олон сайхан дурсамжтай боллоо.

-Цаашдаа энэ аяллаа үргэлжлүүлэх бодол бий юу?

-Урт аялал маань дуусч би их ядарснаа мэдэрлээ. Улаанбаатарт байх хугацаандаа хотын түүх дурсгалын газар, музейг үзэж сонирхох төлөвлөгөөтэй байна. Ирэх жил Япон болон Өмнөд Солонгос руу аялна түүний дараагаар Хархорин хотоос Бээжин рүү морин аяллаа үргэлжлүүлэх байх аа.
Аяллын туршид надад сайхан сэтгэлээр хандаж, тусалж дэмжсэн бүх айл болон Монголын нутаг дахь аяллыг зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн иргэн Хинаят Хумар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай болон ЭСЯ-ны хамт олонд баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
 Л.Нандиа
Холбоотой мэдээ