Алдаа зөрчлөө арилгаснаа АТГ-т мэдэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-08 15:27:53

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид гаргасан алдаа, зөрчлөө арилгасан хариу мэдэгдэх хуудсаа АТГ-т ирүүлжээ. 

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулах гэрээ, тамхи худалдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хураамж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлөх хураамжийн хэмжээ тогтоосныг буруу гэж үзсэн юм. Мөн дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх зааг, хязгаар, түүний зургийн хамт баталсан нь холбогдох хууль тогтоомжоор дүүргийн Тэргүүлэгчдэд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж, хүчингүй болгуулах санал тавьжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх саналын дагуу холбогдох алдаа, зөрчлийг арилгаснаа АТГ-т  мэдэгдэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ