Д.Золзаяа Эрээн хотод дэд консулаар томилогдов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-12-08 15:34:19

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух дэд консулаар Д.Золзаяа томилогдох болж, тушаалаа гардан авчээ.

Тус хотод дэд консулаар сууж байсан А.Баярсайханыг сар гаруйн өмнө албаны автомашиндаа зэвсэг, сум тээвэрлэж, хилээр нэвтрүүлэхийг завдсан мэдээлэл гарсан. Тэрбээр тээвэрлэж байсан галт зэвсэг нь хамт явж байсан найзынх нь байсан хэмээн тайлбарласан ч гадаадад Монгол Улсын нэр хүндийг унагаах үйлдэл гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн юм.

А.Баярсайханыг дэд консулын ажлаа үргэлжлүүлэн хийж байна гэх мэдээлэл зарим цахим хуудсанд нийтлэгдсэн. Энэ талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшингээс тодруулахад “А.Байрсайхан ажлаа хүлээлгэн өгсөн. Түүний оронд Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Д.Золзаяа томилогдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг ажлаа хэвийн үргэлжлүүлж байна, төсвийн хөрөнгөөр зочид буудалд олон хоног байрласан гэсэн мэдээлэл бүгд худал болохыг мэдэгдэж байна. Мөн Д.Золзаяа ажлаа хүлээж аваад халаа сэлгээ хийж эхэлсэн тухай ч ташаа мэдээлэл гарсан. Консулын газрын албан хаагчдыг халах, солих асуудлыг ГХЯ шийддэг. Одоогоор нэг ч хүн ажлаас нь чөлөөлөөгүй” хэмээн хариуллаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ