Үндэсний үйлдвэрлэгч “Хөвсгөл Алтан Дуулга” ХК нэмэлт хувьцаа гаргаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-08 16:27:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтан Дуулга” ХК өнөөдрөөс нэмэлт хувьцаагаа олон нийтэд гаргаж, арилжааны цангаа цохилоо. Нийт хувьцааныхаа 28 хувийг стратегийн хөрөнгө оруулагч болон олон нийтэд санал болгон худалдах тус компанийн нэгж хувьцааг 850 төгрөгөөс эхлэн арилжаалж, зах зээлээс 3.74 тэрбум төгрөг босгох үнэт цаасны захиалга ийнхүү албан ёсоор эхэлж байна.
Үр тариа тариалах, гурил болон тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр 20 жил ажиллаж буй тус компани 2.74 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, үлдсэн нэг тэрбум төгрөгийг олон нийтээс татан эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх болон зарим тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.

Энэ талаар гүйцэтгэх захирал Д.Дуламсүрэнгээс тодруулахад, “Манайх хоногт 100 тонн буудай үйлдвэрлэх хүчин чадлын үйлдвэртэй. Мөн 4000 тн үр тарианы хадгалах сав бий. Бид 2011-2015 онд нийт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмж, жилээс жилд хүчин чадлаа өргөтгөх зорилготой ажиллаж байна. Ирэх жил 15.000 тн буудай нөөцлөх төлөвлөгөөтэй. Тиймээс өнөөдөр нэмж хувьцаа гаргаж байна. Бидний зорилго хүн амыг эрүүл хүнсээр хангахад дорвитой хувь нэмэр оруулж, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэн, олон улсад танигдсан, үндэсний тэргүүлэгч компани болох явдал юм. Компани нэмж хувьцаа гарган хөрөнгө оруулалт татснаар өөрийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, дотоодын хүн амын гурилыг хэрэгцээг хангахад бодитой хувь нэмэр болох бөгөөд импортыг бууруулах боломж бүрдэнэ” гэв. Тус ХК-ийн үнэт цаасны андеррайтераар ажиллаж буй “Бумбат Алтай” ҮЦК-ийн хөрөнгө оруулалт эрхлэсэн захирал Ц.Наран-Учрал хэлэхдээ, “Сүүлийн үед ХАА, барилгын салбарын компаниуд хөрөнгийн зах зээлд гарах болсон. Гэхдээ ХАА, газар тариалангийн зарим компани хүнд байдалд орсон. “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн хувьд Монгол Улс зах зээлд шилжих үед компаниа өмч хувьчлалаар улсаас дуудлага худалдаагаар худалдаж авснаас хойш тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, газар тариалангийн тоног төхөөрөмж, дэд бүтцээ бүрэн шинэчлэн байгуулсан. Хөрөнгийн зах зээлд ХАА-н салбарт гараанаас эхэлсэн компаниудаас ингэж хөгжсөн нь цөөн юм. Бирж дээр байгаа ийм компаниуд хөрөнгийн зах зээлийн онцлогоос болоод олон нийт танихгүй байсан боловч нэмж хувьцаа гаргаснаар ижил гараанаас хөгжих үүднээс хөрөнгө татах боломж бүрдэж байна. Улмаар хөрөнгө оруулалт хийгдсэнээр тодорхой бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан энэ компанийн бүтээгдэхүүн орон нутгар хязгаарлагдахгүй нийслэл хотын зах зээлд өргөн хүрээнд борлуулалтаа хийж, эргэлтээ санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Энэ үүднээс хөрөнгө босгож байгаагаар онцлог юм” гэж байв.
“Хөвсгөл Алтан Дуулга” ХК нэмэлт хувьцаагаа олон нийтэд гаргаж, арилжааны цангаа цохих ёслолын арга хэмжээнд УИХ-ын М.Оюунчимэг, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нар болон Монголын Хөрөнгийн биржийн удирдлага оролцож баяр хүргэсэн юм.
 
Тодруулга: Өнөөдрийн байдлаар он гарснаас хойш Монголын Хөрөнгийн биржид 3 компани IPO хийн шинээр хувьцаагаа гаргаж, нэг компани нэмэлт хувьцаагаа арилжаалж эхэлж байгаа нь "Хөвсгөл Алтандуулга" ХК бөгөөд тус компани нь Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд бүртгэлтэй юм. Тус компани Монгол Улсын хэмжээнд анх удаа буудайн гурилан бүтээгдэхүүнд чанарын тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг хүлээн авч, цаашид ISO 9001, ISO 22000 стандартуудыг хангахаар бэлтгэл ажлаа эхлээд байна. Компанийн үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан наймдугаар сарын 8-16-ны 13:00 цаг хүртэл Монголын Хөрөнгийн биржийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалгын бүртгэлийн аргаар хүлээн авах юм байна.
Үнэт цаасны талаарх мэдээлэл:
Үнэт цаас гаргагчийн нэр: Хөвсгөл алтан дуулга ХК
Үнэт цаасны код: MSE:ADU / 402
Хувьцааны төрөл Энгийн
Хувьцааны үнэ: 850 төгрөг
Санал болгож буй хувь: 28%
Нэмж гаргаж байгаа хувьцааны тоо: 4,405,600 ширхэг
Стратегийн хөрөнгө оруулагчдад: 3,228,600 ширхэг
Олон нийтэд худалдах: 1,177,000 ширхэг
Санал болгох хэлбэр: Захиалгын бүртгэл
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 3.74 тэрбум төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт: Эргэлтийн хөрөнгө
 
Б.Болд У.Түвшинбаяр
 
Холбоотой мэдээ