Хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-10 09:32:56
САН-ФРАНЦИСКО. /Синьхуа/. АНУ-ын Сан-Франциско хотод шинээр томилогдож буй Хятадын ерөнхий консул Вань Дуньхуа болон Сан-Франциско хотын дарга Лондон Брид нар пүрэв гарагт яриа хэлэлцээ хийж, Хятад болон Сан-Франциско хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.

АНУ-ын баруун эргийн тус хотод ерөнхий консулаар шинээр томилогдсон Вань Дуньхуа ирснээсээ хойш хоёр дахь өдрөө буюу пүрэв гарагт хотын даргатай уулзсан ба тэд олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай хэлэлцжээ. Үүнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологи хийгээд соёлын салбар багтах аж.

“Хятадын ерөнхий консулаар томилогдон ирсний хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хоёр талын бодит хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхийн төлөө Л.Бридын тэргүүлж буй засаг захиргаатай нягт хамтран ажиллах болно” гэж В.Дуньхуа мэдэгдсэн байна.

“Хятад улс нь манай хотын худалдааны томоохон түнш бөгөөд тус улстай найрамдал, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь өндөр ач холбогдолтой билээ” гэж Л.Брид онцлон тэмдэглэсэн байна. "Хятадын талтай найрсаг дотно харилцаагаа хадгалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж, харилцан ашигтай ажиллахад миний бие хэзээд бэлэн" гэж тэрбээр нэмж хэлжээ.
Э.Хулан
 

Холбоотой мэдээ