ХААН банк хуурамч и-мэйл хаягнаас болгоомжлохыг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-15 11:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/ ХААН банкны  харилцагчдын мэдээллийг хуулбарлах, интернэт банкны нууц үгийг мэдэх, мөнгө угаах зорилгоор банкны нэрийн өмнөөс хуурамч и-мэйл иргэд болон байгууллагууд руу илгээж буй тохиолдлууд гарсаар байгааг бид өмнө сэрэмжлүүлсэн. Иймд хуурамч и-мэйлээс сэргийлэхийг Хаан банкнаас иргэдэд анхааруулж байна.

Тус банкнаас хуурамч и-мэйлд орсон холбоосыг хаалган шуурхай арга хэмжээ авсан ч энэ төрлийн хуурамч и-мэйл болон холбоос таны хувийн болон байгууллагын и-мэйл хаягт ирсэн тохиолдолд хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Хаан банкнаас интернэт орчинд харилцагчдынхаа аюулгүй байдлыг хамгаалах, сэрэмжлүүлэх үүднээс дараах анхааруулгыг хүргэв. Үүнд:

- Аливаа банк харилцагчаас хувийн мэдээлэл, нууц үгээ шинэчлэх, мэдээллээ илгээх хүсэлтийг и-мэйл хаягаар хэзээ ч асуудаггүй болохыг анхаарна уу.

- Хуурамч и-мэйлд хариу илгээх, ирсэн холбоос дээр дарах, хавсралт файлыг нээх, өөрийн хувийн мэдээллээ оруулахгүй байхыг анхаарна уу

- Хуурамч и-мэйл илгээсэн этгээдийн нэр, хаяг сэжигтэй байгаа эсэхэд анхаарна уу.

- Хуурамч и-мэйл нь ямар ч хэл дээр бичигдсэн байж болох ба зөв бичгийн дүрмийн болон утгын алдаатай байдаг тул анхаарна уу.

- Хуурамч и-мэйлд агуулагдаж буй холбоосон дээр хулганаа аваачихад тухайн харилцагч байгууллагын албан ёсны хаяг биш сэжигтэй хаяг харагддагийг анхаарна уу

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ