Орон нутагт үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-15 18:04:00
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт “Altai beauty” нэрийн уруулын будаг, саван, алжаал тайлагч ванны бөмбөлөг, энергийн лаа, машины үнэртүүлэгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна хэмээн өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол, зөв хэрэглээг дэмжихийн тулд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн "Эрхэмсэг" хэмээн нэрлэж,  хамгийн хямд үнээр органик гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдан авагчдын гарт хүргэж эхэлжээ.
 
Өнгөрсөн хоёрдугаар сард хонины сүүлний тос болон хүнсний сода, оливын тос гэх мэт бүтээгдэхүүн агуулагдсан байгалийн гаралтай нийт таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэж байсан бол өдгөө чацаргана, кофе, зуун наст, паприкатай, батганы эсрэг үйлчилгээтэй хар саван гэх мэтээр савангийнхаа нэр төрлийг нэмэгдүүлсэн байна. 
Гар аргаар үйлдвэрлэсэн энэхүү саван нь хонины сүүлний тос, глицерин, оливийн тос, эфирийн тос, савангийн суурь агуулсан тул арьсыг хуурайшуулахгүй, шим тэжээл өгч булбарай зөөлөн болгох үйлчилгээтэй ажээ. Уг бүтээгдэхүүнүүд нь Д, С, А, К амин дэмүүдээр баялаг тул харшил, хордлогын эсрэг эерэг сайн нөлөөтэй учир арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх, арьсанд гүн шингэж, эд эсийг нөхөн төлжүүлэх тэжээлийн хүчлүүдээр  хангадаг ач холбогдолтой гэнэ. Хонины сүүлэнд ханаагүй тосны хүчил их, тэжээллэг чанар өндөртэй кальци, уургийн агууламж ихтэй тул хүний бие организмд хамгийн тохиромжтой, шингэц сайтай байдаг ажээ.
Одоогоор “Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүнүүд Говь-Алтай аймгийн Алтай хотод “Нарлаг” төв, “Ахуйн үйлчилгээний ордон”,  “Алтайд үйлдвэрлэв” дэлгүүрүүдээр борлуулж байгаа ажээ.  
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ