ГОВЬ-АЛТАЙ: Нэг толгой тарвага агнах зөвшөөрлийн эрхийг бичгийг 90200 төгрөгөөр олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-08-22 11:40:27

Говь-Алтай, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ахуйн зориулалтаар нэг толгой тарвага агнах зөвшөөрлийн эрхийг бичгийг 90200 төгрөгөөр олгох тухай Байгаль орчны газраас мэдээлэв. 


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/869 дугаар тушаал, аймгийн ИТХ-ын 2025 оны “Ахуйн зориулалтаар 2025 онд агнуулах амьтны төрөл, дээд хэмжээ”-г батлах тухай 17 дугаар тогтоолоор  Говь-Алтай аймгийн Баян-Уул, Хөхморьт, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумдаас бусад сумдад 540 толгой Монгол тарвага агнуулах бөгөөд зөвшөөрлийг 8 дугаар сарын 20-оос 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд олгохоор болжээ. 

Сонирхсон иргэд зөвшөөрлийн эрхийн бичгийг тухайн хуваарьт сумдын ЗДТГ-аас Байгаль орчны хяналтын улсын байцаагч болон байгаль хамгаалагч нараас авах бөгөөд ингэхдээ зөвшөөрлийг 3 хүртэл хоногоор, 5 хүртэл толгойгоор төлбөр тушаасан баримтыг үндэслэн олгохыг онцлон мэлээлэв. 


Хэрэв тарвагыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан, барьсан, тээвэрлэсэн тохиолдолд 1 толгой тарваганы экологи эдийн засгийн үнэлгээ 410.0 мянган төгрөгийг 2 дахин өсгөж 820.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 150.0-300.0 мянган төгрөгийн торгууль нийт 970.0 мянган төгрөгийг төлөх болохыг анхаарав. 


Үүний сацуу амьтны тухай хуулийн дагуу тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах, агнахыг хориглосон арга хэрэгсэл хавх, урхи, нохойгоор бариулах зэргийг хориглосныг нэмж санууллаа. 

Холбоотой мэдээ