Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход санхүүжилт чухал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2015-12-09 10:37:41

Өнөөдөр хүн төрөлхтөний өмнө эргэлт буцалтгүй болоод байгаа дэлхийн дулаарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Монгол Улсын хувьд Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрч, сөрөг нөлөөлөлд өртөх болсон орон. Тийм ч учраас Монголын Улсын Ерөнхийлөгч “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” Зарлиг гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газраас “Уур амьсгалын  өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж баталсан.       
НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд уг үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр, арга хэрэгслийн судалгааг хийсэн төслийн үндэсний зөвлөх Н.Батжаргалтай уулзаж ярилцсан юм.
-Таны хийсэн судалгаанаас гарсан үнэлэлт, дүгнэлтийн талаар ярина уу? 
–Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох /УАӨДЗ/ үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр, арга хэрэгсэл чиглэлээр би энэ төсөлтэй гэрээтэй ажиллаж тодорхой судалгаа хийж тайлан гаргасан. Энэ ажлыг хийх гол үндэслэл нь юу байсан гэвэл, төслийн хүрээнд төдийгүй өөр шугамаар УАӨДЗ судалгаа хийж олон арга хэмжээг санал болгосон байдаг. Харин энэ арга хэмжээг яаж санхүүжүүлэх, ямар эх үүсвэр, ямар арга хэрэгслээр санхүүжүүлэх талаар нарийн тодорхой тусгасан эрдэм шинжилгээний ажил хийсэн зүйл байхгүй байв. Ийм учраас энэ гэрээт ажлын хүрээнд Монгол Улсад ямар эх үүсвэр байгаа юм, цаашдаа ямар арга замаар УАӨДЗ үйл ажиллагааг санхүүжүүлэх нь зүйтэй гэдэг чиглэлээр ажиллаж тодорхойлолт, дүгнэлт гаргаж дүн шинжилгээ хийсэн. Мөн цаашид хэрэгжүүлж болох арга механизмуудыг болон ямар эх үүсвэрүүд байгааг тодорхойлж санхүүжүүлэх олон эх үүсвэрийг гаргалаа.
- УАӨДЗ үйл ажиллагааг санхүүжүүлэх ямар эх үүсвэрүүд байгаа бол?
-Уг судалгаагаар эх үүсвэрүүдийг 2 бүлэгт хуваасан. Нэгд нь энэ үйл ажиллагааг санхүүжүүлэх “Байнгын эх үүсвэр” байна. Үүнд: 1. Улсын төсвийн санхүүжилт 2. Банк санхүүгийн байгууллага 3. Өнөөдөр Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт нь бодит зүйл болсон учраас дасан зохицоход иргэд оролцох зайлшгүй шаардлага байна. Иймээс олон нийт, иргэдийн дундын сан бий болгох. Харин хоёр дахь бүлэгт нь “Байнгын бус эх үүсвэр” юм. Нэгд. Олон улсын байгууллага, донор улс орнуудын тусламж юм. Нэг бодит жишээ нь НҮБХХ-ийн УАӨДЗ энэ төсөл гэж болно. Эх үүсвэрийг тодорхой бүс, аймаг, сумдад гаргаад хэрэгжиж байна. Энэ бол тодорхой хугацаатай, хөрөнгө нь тодорхой хэмжээтэй, байнгын бус эх үүсвэр юм. Хоёрт. Уул уурхай эрхэлдэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хийх боломжтой. Энэ бол дөнгөж эхлэл төдий л бөгөөд голидролдоо орж чадаагүй л байна. Гуравт. Хувь хүмүүс болон компанийн хөрөнгө оруулалт байгаа. Жишээ нь “Мянгат малчин” хүн хувиасаа хөрөнгө гаргаад худаг гаргах. Энэ ажил мөн л эхлэл төдий байгаа. “Байнгын эх үүсвэр”-ийн Улсын төсвийн санхүүжилт дотор Байгаль хамгаалах тусгай сан гэж байгаа. Уг сан бол улсын төсвөөс тодорхой мөнгө төвлөрүүлээд, тусгай сангийн хуулийн дагуу зарцуулах ажил бөгөөд өнөөдөр Монгол Улсад хийж байгаа. Энэ сангийн хөрөнгийн хэмжээ улсын төсвийн байдлаас л шалтгаална. Улс хэдий чинээ ашиг орлоготой байхаас шууд хамаарна. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед Байгаль хамгаалах тусгай сангийн хөрөнгө багасч л байгаа.
-“Байнгын эх үүсвэр”-ийн Улсын төсвийн санхүүжилт дотор өөр ямар боломж байна?
“Орон нутгийг хөгжүүлэх сан” гэж байдаг. Энэ сан 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Санхүүжүүлж хэрэгжүүлээд явж байгаа ажлууд бий. Харин УАӨДЗ үйл ажиллагааг хүмүүст маш сайн ойлгуулж, мэдрүүлж байж л нутгийн иргэдийн олонхийн хүсэл, саналаар уг сангийн хөрөнгийг төвлөрүүлэх боломжтой. Мөн “Сум хөгжүүлэх сан” гэж байдаг. Харин банк, санхүүгийн байгууллагуудын хувьд бол Монголд хэрэгжүүлсэн туршлага байхгүй. Ер нь банк, санхүүгийн байгууллагууд УАӨДЗ үйл ажиллагааг санхүүжүүлэх сонирхолгүй байгаа гэж болно. Хамгийн боломжтой эх үүсвэр гэвэл иргэд, олон нийтийн санаачлага дээр үндэслэсэн “Хамтын сан”-гууд байж болох юм. Энэ бол маш ирээдүйтэй. Зарим нэгэн газарт энэ төслийн хүрээнд туршиж үзэх бүрэн боломжтой. Жишээ нь, нэг худаг байна гэхэд, худаг хариуцагчид цалин өгөх, засвар үйлчилгээг хариуцах, худгийн эргэн тойрны бэлчээрийг зүй зохистой ашиглахад “Дундын сан”-гийн санхүүжилтээр хангаж болно. Энэ судалгааны ажлын хүрээнд зөвлөмждөө уг сангийн үйл ажиллагааны талаар санал болгосон. Уг төслийн хүрээнд нутгийн иргэдэд УАӨДЗ үйл ажиллагааг маш сайн таниулан сурталчилж ойлгосны үндсэн дээр “Дундын сан” бий болгох боломжтой. Харин “Дундын сан”-г байгуулах, хөрөнгө яаж зарцуулах зэрэг менежментийг хийх тодорхой зөвлөмжүүд гаргаж өгсөн.
-Гадны улс орнуудын УАӨДЗ үйл ажиллагааг санхүүжүүлдэг ямар туршлагууд байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон учраас олон улсад УАӨДЗ үйл ажиллагааг санхүүжүүлэх олон эх үүсвэр байдаг. Ямар арга хэрэгслээр хэрэгжүүлдэг гэвэл эн тэргүүнд улсын төсөв хөрөнгө байна. Мөн концессийн зээл буюу хөнгөлөлттэй зээл байдаг. Олон улсад өөр нэг эх үүсвэр гэвэл банкны зээлүүд байна. Зээлийн баталгааг нь улс хариуцдаг. Бас зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлдэг. Энэ бол нэлээд түгээмэл хэрэглэдэг механизм. Мөн хувийн хэвшлээс УАӨДЗ үйл ажиллагаанд санхүүжилт хийдэг. Тухайлбал хувьцааны болон хувь нийлүүлсэн санхүүжилт, эхлэл хөрөнгийн сан, өрийн санхүүжилт зэрэг арга хэрэгслүүдийг хэрэглэдэг туршлага бий. Ер нь УАӨДЗ үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой бүх талуудад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж уур амьсгалын өөрчлөлт нь нийгэмд том аюул учруулах болсныг таниулсан мессеж, дохио өгдөг. Ингэснээр санхүүжүүлэх эх үүсвэрийн хүрээг өргөжүүлэх боломжууд нэмэгддэг.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ