Говь-Алтай аймгийн залуу малчдын анхдугаар зөвлөлгөөн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-27 21:06:01
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Залуу малчин гэр бүлийг дэмжих, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, залуу малчдын нэр хүндийг өсгөх, тэдэнд урам зориг өгөх зорилго бүхий  “Алтайн-Малчин” хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн залуу малчдын анхдугаар зөвлөлгөөн болох гэж байна.
Зөвлөлгөөнд тус аймагт ажиллаж хөдөлмөрлөж буй улс, аймаг, сумдын алдар цолтой ахмад 54 малчин, улс, аймаг, сумдын алдар цолтой 54 уяач, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т  /2015-2018 онуудад/ хамрагдсан 197 малчин, 39 хүртэлх насны 195 залуу малчин нийт 500 малчин зөвлөлгөөнд оролцох юм.
Уг зөвлөлгөөнийг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй тус аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Аймгийн залуу уяачдын холбоо, залуучуудын холбоо, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулах ажээ.
Мөн үеэр “Мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, орон нутгийн түвшинд мал аж ахуй, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнг оролцогчдод танилцуулахаас гадна алдар цолтой ахмад малчдын мал маллах туршлага, арга ухааныг залуу малчдад таниулан ойлгуулах, хөдөө аж ахуйн доктор профессоруудын мал маллагааны хичээл сургалтууд болно” хэмээн Говь-Алтай аймгийн хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас мэдээлэв.
 
Э.Нарангэрэл 
Холбоотой мэдээ