Албан тушаалын хэрэгт 160 гаруй хүн холбогдон шалгагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 15:07:26

Авлигатай тэмцэх газраас жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан авлигын эсрэг үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг өрнүүлэх чиглэлээр үр дүнтэй олон талт арга хэмжээг хэрэгжүүлсээр ирснээ тус газраас өнөөдөр мэдээллээ.

Мэдээллийн эхэнд Олон улсын өдөрт зориулсан АТГ-ын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдын мэндчилгээг уламжлаад олон төрлийн ажлын үр дүнгээс танилцуулсан юм. Төрийн байгууллагуудын энэ онд авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хийсэн шинжээчдийн үнэлгээний дүн гарсныг мэдээлэв. Одоогийн байдлаар албан тушаалын хэрэгт 160 гаруй хүн холбогдон шалгагдаж байна. Мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүнг мэдээлэхийн сацуу  энэ удаад Авлигатай тэмцэх газар “Талархлаа зөвөөр илэрхийлье” аяныг Эрүүл мэнд, спортын яамтай хамтран хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Авлига ба эрүүл мэндийн салбар: Тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдвийн дор хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ. Уралдаанд 12 их сургуулийн 25 эрдэм шинжилгээний бүтээл ирснээс эхний шатанд шалгарсан 10 бүтээлийг хэлэлцсэн бөгөөд  хоёрдугаар шатны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй байв. Дээрх илтгэлүүд нь эрүүл мэндийн салбар дахь авлигын шалтгаан болж буй нөхцөл байдлыг оновчтой хөндөж өөрийн хийсэн судалгаа болон бусад судалгаанд тулгуурлан тодорхой шийдэл, гарц гаргалгааг боловсруулж чадсан гэж уралдааныг зохион байгуулагчид дүгнэж байна. Тэргүүн байрыг эрүүл мэндийн салбар дахь авлигын шалтгаан нөхцлийг монгол хүний зан байдлын онцлогтой холбон үзэж 1745 иргэнийг хамруулан судалгаа хийсэн Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн Г.Гэрэлтуяа, Н.Долгор нарын судалгааны баг, хоёрдугаар байрыг уг салбарт ил тод байдлыг дэмжих бүртгэлийн системийг бусад улс орны жишигтэй харьцуулан хэрхэн боловсронгуй болгох талаарх асуудал хөндсөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсын оюутан А.Түвшинтөгс, гуравдугаар байрыг эмчийн хариуцлагын даатгалыг хуульчлан хохирч буй иргэдийн эрхийг хамгаалах замаар эрүүл мэндийн салбар дахь авлигын эрсдлийг бууруулах асуудлаар судалгааны ажил бичсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар курсын оюутан Р.Идэрмөнх тус тус эзлэв. 

Эмчийн ёс зүйг хөндөн бичсэн ОУБИС-ийн социологийн 2 дугаар курсын оюутан Э.Наранцэцэг “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын нэрэмжит тусгай шагналын эзэн болсон байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад "Туулай хүүгийн адал явдал" хичээл эхлүүлэн амжилттай үргэжилж байгааг онцоллоо. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ