350 гаруй хүндэт донорт талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dogsom@montsame.mn
2018-09-03 14:04:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сар бүрийн 3-нд цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр "Цус сэлбэлт судлалын үндэсний төв"-өөс хүндэт доноруудаа алдаршуулж тэдэнд талархал илэрхийлэв. .
“Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяр“Цусаа бэлэглэх" өдөрийг бид 42 дахь жилдээ тэмдэглэж байна. Төрийн болон ТББ-ууд, сошиал групп зэрэг олон зорилт бүлгүүд хамтран ажилладаг. Энэ удаагийн арга хэмжээний гол онцлог нь “Улаанбаатар смарт карт”компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. 35-аас дээш удаа цусаа хандивласан иргэнийг хүндэт донороор өргөмжилж, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн карт олгодог. Энэ үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжиж, хүндэт донорын тоо нэмэгдэх болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 350 гаруй хүндэт донор нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчиж байна.Цусаа идэвхтэй хандивладаг доноруудаа урамшуулж талархал  илэрхийлж байна. Энэ жил 26 мянган донороос цус цуглуулахаар төлөвлөсөн” гэлээ.
Тухайн улсад байнгын донор буюу жилд хоёроос дээш удаа цусаа байнга бэлэглэдэг иргэн хэдий олон байна, төдий чинээ цусны аюулгүй байдал хангагдана гэж  ДЭМБ-аас зөвлөдөг. Хагас жилийн байдлаар 13 мянга орчим донор цусаа хандивлаад байгаа ажээ.
Арга хэмжээний үеэр хүндэт донор Б.Мэндбаярын сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Өнөөдөр 50 дахь удаагаа цусаа бэлэглэж байна. Цусаа өгснөөр олон хүнд амьдрал бэлэглэдэг болохоор аль болох өшөө олон хүнд тус дэм болохыг хүсдэг. Мөн энэ завшааныг ашиглаад “Улаанбаатар Смарт карт” компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье” гэв.
Жилд эрэгтэй   6, эмэгтэй хүн  4 удаа  цусаа өгч болдог байна. Хэрэв сийвэнтэйгээ нийлбэл 10 орчим удаа ч цусаа өгөх боломжтой ажээ.
Б.Янжиндулам
Холбоотой мэдээ