Монгол улс фэйсбүүк хэрэглээний үзүүлэлтээр дэлхийд 10-т жагсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-09-05 13:52:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэнгийн урилгаар манай улсад ирээд байгаа Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр тус хороонд ажиллав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол, ХонгКонг, Тайванын болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жеорж Чен, Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал Жефф Ву, Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер Майкл Ай Юүн, Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан нар багтжээ.


Монгол улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны /affordability/ (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа юм. Хоёр талын уулзалтын үеэр фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулгыг хийж, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцсноос гадна “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар харилцан ярилцаж зөвшилцөв. Дээрх асуудлуудын хүрээнд Монгол улс болон Фэйсбүүк компани цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ