Тэргэнцэртэй иргэд хотын гудамжаар зорчих гарц байгаа эсэхэд судалгаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-05 16:29:08
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэргэнцэртэй  иргэд хотын үйлчилгээний газрууд, албан байгууллага, гудамж талбайгаар аялан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын зорчих гарц,  зам байгаа эсэхийг судлахаар "UB Try" хөдөлгөөн өрнүүлэв.
Азийн улс орнуудад зохион байгуулдаг “TRY” хөдөлгөөнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон “Түгээмэл хөгжил” ТББ хамтран 7 жилийн өмнөөс манай улсад нэвтрүүлжээ.
Үүгээрээ тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адил тэгш байдал, хүртээмжтэй нийгмийн орчныг бий болгоход уриалдаг аж.

“Түгээмэл хөгжил” төвийн дэд бүтцийн хүртээмжийн асуудал хариуцсан ажилтан Б.Ням-Очир,



“Төрийн үйлчилгээний байгууллагын хуучны барилгууд сүүлийн үеийн байгууламжуудаас харьцангуй хүртээмж багатай байдаг. Жишээлбэл СТӨ бол хуучны барилга бөгөөд анхнаасаа л налуу замгүй, ариун цэврийн өрөө 0 давхарт байхаар төлөвлөгдсөн зэрэг нь тэргэнцэртэй хүнд нийцэхгүй. Бид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль”, НҮБ-ын хүний эрхийн тухай конвенц зэрэг хууль, эрх зүйн орчинд заасан стандартуудыг ААН, албан байгууллагуудад таниулах зорилготой энэхүү аяллыг өрнүүлж байна” гэв.



Тус аяныг зохион байгуулснаар ирэх жил болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын бэлтгэл ажлыг хангаж олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах зэрэг ач холбогдолтой аж.
 
С.Мөнхбаатар
 
Холбоотой мэдээ