Сагсанбөмбөгчид ээлжит бус Их хурал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-28 17:40:39

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ны тэргүүлэгч гишүүд болон Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар ээлжит бус чуулганаа ирэх сарын 6-нд хуралдуулах болсноо мэдэгдэв.

Тэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж уг асуудлын талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, тэргүүлэгч гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хүчин төгөлдөр байгаа юм. Монгол Улсын үндэсний шигшээ баг, эмэгтэй шигшээ баг, залуучуудын шигшээ баг, дээд лигийн найман баг, эмэгтэй зургаан баг, сонирхогчдын лигийн 30 баг, ахмад тамирчид, дасгалжуулагч, шүүгч гээд 1200 гишүүн ээлжит Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 6-нд МҮЭСТО-д зохион байгуулахыг дэмжин гарын үсгээ зуржээ.

Энэ хэвлэлийн бага хурлаар “МСБХ ээлжит бус их хурлаа хийлгүй 11 жил болж байна. 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, тэргүүлэгч гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хүчин төгөлдөр байгаа. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан хүмүүс нь бид. Сүүлийн хоёр, гурав жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэллээ. 2014 оны есдүгээр сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож чадсангүй” гэж спортын мастер ахмад тамирчин Р.Цэвэгмэд мэдэгдсэн юм.

МСБХ-ны удирдлага зохион байгуулалтыг хуулийн хүрээнд шийдүүлэхээр шүүхэд хандаж, Монгол Улсын Дээд шүүх оны өмнө буюу 12 дугаар сарын 22-нд 1125 тоот шийдвэрээ гаргажээ. Холбооны бүх гишүүдийн гуравны нэгийн санаачилгаар, эсвэл Ерөнхийлөгч, тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг хуралдуулж болно гэсэн заалтын дагуу ээлжит бус чуулганаа хуралдуулж хууль ёсны удирдлагаа томилохыг даалгасны дагуу ийнхүү их хурлыг хийхээр болжээ.

Д.Өлзий

Related news