Иргэдэд эмийг зөвхөн жороор өгөх, зөвлөгөө өгөх ажлыг эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-30 13:21:40

Завхан/МОНЦАМЭ/."Монос Завхан" ХХК нь энэ жил эмийн сангаараа үйлчлүүлсэн 2100 гаруй иргэний дунд судалгаа явуулжээ.

Судалгааны дүнд үйлчлүүлэгчдийн 40 орчим хувь нь эмчийн бичсэн жороор үйлчлүүлсэн бол 60  хувь нь жоргүй өөрсдийн дураар эмийн санчаас зөвлөгөө авч эм авдагийг тогтоожээ.

Хөдөө орон нутгийн иргэд эмчийн бичсэн жороос гадна дур мэдэн эм авах хандлага их байдаг бөгөөд эмийн хоорондын зохистой харьцаа, хэрэглээг мэддэггүй, эмийг жоргүй олгохыг танимхайран шаарддаг гэх зэрэг асуудлыг гаргах нь элбэг аж.

Тиймээс үйлчлүүлэгч, иргэдэд ая тухтай орчныг бүрдүүлэн эмийн зөв зохистой харьцаа, антибиотикийн хэрэглээг бууруулах зорилгоор иргэдэд зөвхөн эмийн жороор үйлчлэх, зөвлөгөө өгөх ажлыг эхэлжээ.

"Монос Завхан" ХХК нь эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний өргөн сонголт бүхий Улиастайд анхны 24 цагийн үйлчилгээтэй "Фарм маркет"-ыг байгуулж харилцагчдынхаа эрэлт хэрэгцээг мэдэрсэн шинэлэг үйлчилгээг үзүүлсэн байна.

Эднийх жил бүр харилцагчиддаа зориулан “Витаминжуулалтын аян”, “Харшлын эсрэг аян”, “Ханиадны эсрэг аян”  гэх мэт олон нийтийг хамарсан эрүүл мэндийн ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Одоогоор Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн 950 орчим нэр төрлийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. Завханы шинэ эмийн хангалтын 89-92 хувийг  тус компани хангадаг аж.

Аймгийнхаа Нийгмийн даатгалтай хийсэн гэрээний дагуу өнгөрсөн онд гэхэд эмийн үнийн хөнгөлөлттэй жороор нийт 5850 хүнд үйлчилжээ. Дашрамд дурдахад Завханд нийт 32 эмийн сан иргэдэд үйлчилж байна.

Related news