Хүн ам, орон сууцны тооллого явуулах асуудлаар сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-31 14:48:34

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Статистикийн хэлтсээс 2020 оны хүн ам, орон сууцны тооллого, 2019 оны байшин орон сууцны тооллогын 24 сумын түр товчооны дарга, төсөв, төрийн сангийн мэргэжилтнүүдэд зориулж сургалт зохион байгуулжээ.

Сургалтаар хүн ам, орон сууцны улсын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийж буй ажил, чиглэл, заавар, аргачлалын талаарх зөвлөгөөг өгч, байшин орон сууцны тооллогын хүрээнд Статистикийн газраас хийж буй ажил, программ хангамж, цэг хатгалт, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарын үнэлгээг хэрхэн хийх, дүгнэлт өгөх, тооллогын үеэр анхаарах  зэрэг асуудлаар харилцан ярилцсан юм.

Дашрамд дурдахад Монгол Улс хүн амын XX зууны анхны тооллогыг 1918 онд явуулснаас хойш найман удаа, XXI зуун гарснаас хойш анхныхаа ээлжит тооллогыг 2010 онд, хүн ам, орон сууцны анхны завсрын тооллогыг 2015 онд зохион байгуулсан байдаг.

Монгол Улсын “Статистикийн тухай” хуулийн 7.1-ийн а-д “Хүн амын орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, “Хvн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуулийн 8.1-д “Ээлжит тооллогыг 2010 оноос эхлэн 10 жил тутамд нэг удаа улсын хэмжээнд явуулна”, мөн хуулийн 8.2-д “Тооллогын товыг ээлжит тооллого явуулах хугацаанаас хоёроос доошгүй жилийн өмнө Улсын Их хурал зарлана” гэсэн заалтын хэрэгжилтийг хангах үүднээс ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулах аж.

Тооллого явуулах товыг Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор, Тооллогын улсын комиссыг 77 дугаар тогтоолоор тус тус тогтоосон байна.

2018 оны хоёрдугаар сарын 22-нд Тооллогын улсын комиссын анхдугаар хуралдаан болж, “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит улсын тооллогыг зохион байгуулж явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Аймаг, нийслэлийн тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилох тухай” тогтоолыг баталжээ.

Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн долоо хоногийн турш явуулна. 

Related news