Сумдын бэлчээрийн даацыг тодорхойлох судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-18 15:54:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эко клубийн сурагчид болон УЦУОШГ-ын ажилтнууд хамтран “Бэлчээрийн судалгаа” хийв

Уг судалгааны ажлыг Зэрэг, Чандмань, Манхан, Мөст, Мөнххайрхан, Дарви, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн 39 цэгт хийжээ.

Судалгааны үр дүнг ашиглан 2019-2020 оны бэлчээрийн даацын мэдээ гаргаж, цувралаар танилцуулж эхэллээ. Ингэснээр бэлчээрийн даацын мэдээг үндэслэн тухайн сумдын удирдлагууд мал өвөлжилт, хаваржилтын ажлаа зөв зохион байгуулах, мал сүргийн тоог анхаарах, отор нүүдэл хийх зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад чухал ач холбогдолтой гэнэ.

Тухайлбал, Манхан сумын бэлчээрийн даацын өнөөгийн төлөв байдлын мэдээллийг хүргэж байна. 

Судалгаагаар Манхан сумын нутгийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац 1-3 дахин, 30 гаруй хувьд 3 дээш олон дахин хэтэрчээ.   

Сум, багийн дүнгээр авч үзвэл, Манхан сумын төвийн Төгрөг гол багийн бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Баянгол багийн даац 3-5 дахин хэтэрсэн аж. Харин Тахилт, Улаанхүрээ, Ботгон багын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн дүнтэй байна. Мөн Зэрэгийн гол дагуу нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй ба бага хэмжээний нөөцтэй гарчээ. 

Өнгөрсөн дөрөв, тав, зургаадугаар сард хур тунадас сумын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу орсноор бэлчээрийн ургамлын  ургалт  эрт  цухуйж, зуншлага хэвийн болох нөхцөл бүрдсэн.

Гэвч зарим газарт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан. Улмаар ургамал тачир сийрэг байгаагаас ургац тааруу. Өндөр уулын сумдаар сэрүүн байснаас ургамлын бүтээмж гүйцээгүй аж. Энэ нь бэлчээрийн бүс нутгийн даац хэтэрч гарах шалтгаан болсон гэж судлаачид хэллээ.

Иймд Манхан сумын малчид өөр нутагт отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зөв зохицуулах шаардлагатай гэж  судалгааны багийнхан онцоллоо. 



Related news