Монгол орны төв цэгт гал тахих ёслол үйлдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Намрын илүү тэргүүн сарын шинийн 17-ны улаан луу өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг, Өвөрхөшөөтөд гал тахих ёслолыг үйлдлээ.
Монгол
Улсын төв цэг тус газар оршдог бөгөөд жил бүрийн намар гал тахих ёслолыг үйлдэн, галын
бурхныг дуудан залж, идээ ундааны дээж, шар тос, хонины өвчүү, торго дурдан өргөн
ирээдүйн сайн сайхан бүхнээ даатган залбирдаг уламжлалтай юм.
Энэ удаагийн тахилгад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХНХ-ын сайд С.Чинзориг болон аймаг, сумдын удирдлагууд, ард иргэд оролцлоо. Энэ үеэр Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд ном уншин ерөөл айлдан, урлаг соёлынхон дуу хуураа өргөж, шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулав.
Өвөрхөшөөт нь хуучнаар Халхын Түшээт хан аймгийн далай Гүний хошууны нутаг бөгөөд энэ хавьд Монгол нутгийн төв оршдог гэдгийг газарзүйн нэрт эрдэмтэн Ш.Шагдар нарын эрдэмтэд шинжлэх ухааны аргаар нарийвчилсан хэмжилт хийж 1979 онд тогтоосон байдаг. Их Монгол, Бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээ цагаан нуурын орчмын байгаль говь, хангай хосолсон тун үзэсгэлэнтэй энэ газарт төв цэгийн бэлгэдэл суваргыг 1994 онд босгосон билээ.



