Тосонцэнгэлд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан ой, хээрийн түймрийг 9 дүгээр сарын 30-ний өдөр бүрэн унтраажээ.
Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын алба хаагч, иргэд 200 орчим хүн, 36 автомашин ажиллажээ. Энэ түймрийн улмаас урьдчилсан байдлаар 80.5 га талбай шатсан байна. Харин Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хойд нарийны-Ар” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 55 км, аймгийн төвөөс зүүн зүгт 235 км-т ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 дүгээр сарын.30-ны өдрийн 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газар дахин хүлээн авч шуурхай ажиллаж байна.
Энэ түймэрт Тосонцэнгэл сум дахь Онцгой
байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, нэг
автомашинтай мөн өдрийн 22:00 цагт түймрийн голомтод очиж, 23:35 цагт түймрийг цурманд
оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын газраас тус тус
мэдээлэв.