"Хуавэй" дэлхийн хамгийн үнэ цэнтэй зуун брэндийн жагсаалтад багтав

ХИЛИЙН ЧАНАДААС
batbold.sh@montsame.gov.mn
2019-10-22 16:28:47
@ShoovdorBatbold

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын брэндийн зөвлөх үйлчилгээний Интербрэнд компани өнгөрсөн пүрэв гарагт дэлхий даяар үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн борлуулж буй компаниудын дунд хийсэн “Дэлхийн брэндүүдийн үнэ цэнэ”-ийн 2019 оны судалгааг танилцууллаа. 

Уг судалгааг АНУ-ын Apple компани тэргүүлсэн бол Google компани хоёрдугаарт жагссан байна. Дээрх компаниуд нь сүүлийн долоон жилийн хугацаанд тус жагсаалтын 1,2-р байранд ийм дарааллаар жагсжээ.

2019 оны жагсаалтад эхний 8-н байрт орсон брэндүүд өнгөрсөн оныхтой адил буюу ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна. Тодруулбал, Amazon, Microsoft, Кока кола, Самсунг, Тоёота, Мерседес Бенз, McDonalds, Дисней энэ дарааллаар 3-10-р байранд жагсжээ.

Өнгөрсөн онд 9-р байранд жагсаж байсан Facebook-н үнэ цэн 12 хувиар буурч, энэ онд 14-т жагссан байна. Хятадын Хуавэй компанийн үнэ цэн өнгөрсөн оныхоос 9 хувиар буурч, энэ онд 74-т жагссан бөгөөд уг жагсаалтад орсон цорын ганц Хятадын компани боллоо. 

Тус судалгааг Интербрэнд компани 2000 оноос хойш жил бүр гаргаж байгаа юм. Мөн тус судалгаанд тухайн аж ахуйн нэгжийн гадны зах зээл дэх борлуулалтын хэмжээ нийт борлуулалтын хэмжээний 30 хувиас багагүй хувийг эзлэх компаниудыг хамруулдаг байна. 


А.Анхбаяр


Related news