Завханы 14 мянган иргэн хандлагаа өөрчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-17 00:08:49

Завхан /МОНЦАМЭ/ "Завхан ногоон гарц нэгдэл" ТББ-аас цэвэр цэмцгэр Улиастай төслийг санаачлан хэрэгжүүлж Улиастайн 14000 гаруй иргэн,таван сургуулийн 4000 гаруй хүүхэд багачууд хандлагаа өөрчилжээ.

Тус төслийг “Дэлхийн зөн” ОУБ Завхан хангай орон нутгийн хөтөлбөрөөс дэмжиж Улиастай суманд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлжээ. Төслийг аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ, сумын Хот тохижилт үйлчилгээний алба, Тээвэр үйлчилгээний алба, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд зэрэг төрийн 9 байгууллага Зөв Улиастай ТББ болон Улиастай сумын таван сургуулийн эко клубийн 100 гаруй хүүхэд хамтран хэрэгжүүлжээ.

Төсөлд давхардсан тоогоор Улиастай сумын ЕБС-ийн 4000 гаруй хүүхэд багачууд, Улиастай сумын 14000 гаруй иргэн, хог хаягдлаа ангилан ялгах мэдлэг мэдээлэлтэй болж, ерөнхий боловсролын таван сургууль хогоо ангилан ялгах түр хадгалах савтай болсон төдийгүй хүүхдүүд хогоо ангилан ялгах дадалтай болжээ. Төслийн хүрээнд төрийн байгууллагын ажилтнууд, иргэн, сургуулийн сурагчдад нийт 17 удаагийн сургалт мэдээллийг өгснөөр Улиастайн таван сургууль болон иргэд, хүүхдүүд хаана ч хогоо ангилан ялгадаг болжээ.

Гялгар уутнаас татгалзаж чаджээ

"Завхан ногоон гарц нэгдэл" ТББ гялгар уутнаас татгалзъя аяныг Улиастайд сарын турш зохион байгуулж аймгийн төвийн бөөний 25 төв, 100 гаруй хүнсний дэлгүүртэй хамтран ажиллаж эхний ээлжид үйлчлүүлэгчдийн хандлагыг өөрчилжээ.

Дээрх аянаар 9000 гаруй хүүхэд, 300 гаруй багш нар гялгар уутнаас татгалзахаа илэрхийлж мөрдлөг болгож эхэлжээ. Тухайлбал энэ жил эко сургууль хөтөлбөрт амжилттай хамрагдаж ногоон тугийн болзлыг улсын хэмжээнд хангасан Тэлмэн сумын сургууль манлайлан оролцжээ. Тус сургууль 2012 оноос “Эко сургууль” хөтөлбөрт хамрагдаж 2017 оны тавдугаар сард Олон улсын “Эко сургууль”-ийн “Хүрэл гэрэгэ”,  аравдугаар сард “Мөнгөн гэрэгэ” тус тус хүртэж байсан аж. Тэлмэний сургууль орчмын хог хаягдал, гялгар уутны хэрэглээг багасгах, усны асуудалд нэлээд анхаарал хандуулан ажиллаж аймаг, улсын хэмжээнд сайн туршлагаа танилцуулаад байгаа аж. Тэлмэний сургуулийн хүүхдүүд, багш нар хогоо ангилан ялгахаас эхлүүлээд хандлагаа өөрчилье аянд нэгдэж хогоо заавал саванд хийх, телевизээ залгуураар нь унтраах зэрэг жижигхэн үйлдлээр ч байгалиа хамгаалж болохыг ажил хэрэг болгожээ. Сургуулийн эко клубийн хүүхдүүд өнгөрсөн жил сумын хэмжээний байгууллагуудын гадна тохижилт, цэцэгжүүлэлтэд түлхүү анхаардаг байсан бол энэ жил бусад сум орон нутаг, сургуулиудад нийлэг уутнаас татгалзаж, даавуун торыг өөрсдөө гараар урлахыг санал болгосон нь ч амжилттай болжээ. Өнөөдрийн байдлаар сургуулийн хүүхдүүд өөрсдийн оёсон 370 гаруй даавуун торыг иргэдэд өгчээ. Тэлмэний дэлгүүрүүд зөвхөн даавуун тортой үйлчлүүлэгчид үйлчилдэг болжээ.

Томоохон баяр ёслолоор хогоо ангилан ялгаж хаядаг хандлагатай болжээ

Завхан Ногоон гарц нэгдлээс Улиастайд олон нийтийг хамарсан томоохон баяруудын үеэр сайн дурын клубийн хүүхэд залуучууд, байгууллагуудтай хамтран ажиллаж давхардсан тоогоор 38 мянган иргэний хандлагыг өөрчилжээ.

Тухайлбал хоггүй хүүхдийн баяр, шигшмэл хурдан морины наадам, шинэ жил, үндэсний их баяр наадмуудаар иргэдийн хандлага сэтгэлгээг өөрчлөхөөр сургалт мэдээллүүдийг өгсөн байна. Энэ жил гэхэд гурав дахь жилдээ наадмаар хоггүй нааджээ. Тэд наадмын үеэр талбай дээр нийт зургаан ширхэг хог ангилан ялгах ангилалтын бункерийг байрлуулж хогоо ангилан ялгах зөв дадлыг үлгэрлэж буй иргэдийг амттанаар дайлах үйл ажиллагааг зохион явуулжээ. Мѳн аймгийн БОАЖГ-аас ангилан ялгалтын 10 гаруй хогийн сав байршуулж наадмын хоёр өдөр идэвхтэн сайн дурын 40 гаруй хүүхэдд ажиллажээ. Тэд иргэдэд хогоо хэрхэн ангилж ялгах дадлыг зааж өөрсдөө үлгэрлэн хогоо эмх замбараагүй хаяж буй иргэдэд сануулга, зөвлөгөө өгч хог түүх явуулын үйлчилгээг үзүүлжээ. Түүнчлэн морины наадам болон сур харвааны талбай дээр очиж наадамчдын хогийг ангилан ялгах, хогийг түүж, хогоо ангилж ялгах дадлыг наадамчидтай хамтдаа хийж хандлагыг нь өөрчилсөн байна.

Сонирхуулахад Завхан аймагт хоёр дахь жилдээ "Миний гоё сум" хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан“ аяныг зарлаад байгаа билээ. Энэ аяны хүрээнд аймгийн төрийн байгууллага, иргэд идэвхтэй оролцож өнөөдрийн байдлаар нийт 102 байгууллага, сумын 70 гаруй иргэн сайн дураараа нийтийн эзэмшлийн зам талбай болон голын ай сав дагуух хогийг цэвэрлээд байгаа тухайгаа цахим орчинд мэдээлжээ.

Related news