Э.Мягмаржав: Бор гөрөөс, цагаан зээр, чоно зэрэг амьтдыг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд нэг удаа хийлгэнэ гэж заасны дагуу Завхан аймаг 2013 онд агнуурын ач холбогдол бүхий амьтдаа тоолжээ. Хоёр дахь удаагийн тооллогын мэдээлэл, тусгай зориулалтаар ан агнах үйл явц хэрхэн өрнөдөг талаарх тодруулга мэдээллийг аймгийн БОАЖГ-ын Биологийн төрөл зүйл хариуцсан мэргэжилтэн Э.Мягмаржаваас тодрууллаа.
-Амьтны тухай
хуульд зааснаар агнуур зохион байгуулалтыг хийдэг юм байна. Манай аймаг 2018
онд энэ үйл ажиллагааг хийсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?
-Тийм ээ. Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг таван жил тутамд нэг удаа хийлгэнэ гэж заасны дагуу Завхан аймаг 2013 онд агнуурын ач холбогдол бүхий амьтдаа тоолсон. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 2018 онд хоёр дахь удаагийн тооллогыг хийсэн. Манай аймгийн агнуурын ач холбогдол бүхий амьтдын тоо 2018 оны судалгаагаар аргаль хонь 447, янгир ямаа 1367, халиун буга 3717, бор гөрөөс 2714, цагаан зээр 8000, зэрлэг гахай 30, саарал чоно 541, шар үнэг 500, хярс үнэг 700, халздай дорго 300, мануул мий 100, тарвага 7906, боролзон туулай 8500, чандага 4200, өмхий хүрэн 1200 тоологджээ.
-Тусгай зориулалтаар ан агнуулдаг. Ямар
журмаар агнуулдаг юм бол? Ер нь гол төлөв ямар амьтдыг агнуулж байна вэ?
-Тус аймаг 2014 оноос эхлэн тусгай зориулалтаар гадаадын иргэнд
ан агнуулж эхэлсэн. Аймгийн хэмжээнд нийт 10 суманд тусгай
болон ахуйн зориулалттай ан агнах 11 бүс байгуулсан. Гадаадын
иргэнд тусгай зориулалтаар дөрвөн суманд таван агнуурын бүс нутагт ховор амьтан
агнуулж байна. Тухайлбал Шилүүстэй, Яруу сумаас угалз, Алдархаан
сумаас тэх, Алдархаан, Цагаанхайрхан сумаас халиун буга агнаж байгаа.
Түүнчлэн ахуйн зориулалтаар агнах амьтны захиалгыг сумдаас
авч хуулийн хугацаанд нь БОАЖЯ-нд хүргүүлээд хуваарь ирсний дагуу
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр сумдад хуваарилуулан батлуулдаг
журамтай. Үүний дагуу иргэд ахуйн зориулалтаар саарал чоно, ойн
зэрлэг гахай, цагаан зээр, бор гөрөөс, агнуурын шувуу агнаж
болдог юм. Иргэд тухайн агнуурын бүс тогтоосон Алдархаан, Баянтэс, Нөмрөг, Их-Уул, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Цагаанхайрхан,
Шилүүстэй, Яруу сумаас агнаж болно. Харин иргэн ахуйн
зориулалтаар ан агнах бол Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын
дагуу саарал чоно 102.000 төгрөг, ойн зэрлэг гахай эр 140.000 төгрөг, эм
160.000 төгрөг, цагаан зээр эр 100.000 төгрөг, эм 110.000 төгрөг, бор гөрөөс эр
66.000 төгрөг, эм 80.000 төгрөгийг тухайн сумын төрийн санд тушаан сумын
байгаль хамгаалагчаас зөвшөөрлийн бичиг авч агнах боломжтой.
-Манай аймагт
тусгай зориулалтын ангаас хэчнээн төгрөг төвлөрдөг юм бол?
-Тухайлбал Шилүүстэй суманд 2014 онд тусгай зориулалтаар угалз агнан 16,9
сая, 2015 онд 35 сая, 2016 онд 42,3 сая, 2017 онд 29 сая 2018 онд 60 сая, 2019
онд 32,9 сая төгрөгийг тус тус
төвлөрүүлсэн байна. Харин 2018 онд Алдархаан суманд шинээр хоёр агнуурын
бүс, Яруу суманд нэг агнуурын бүс байгуулсан. Ингээд 2018 онд
Алдархаан суманд хоёр тэх агнан 10 сая, 2019 онд хоёр тэх, хоёр халиун
буга, дөрвөн цагаан зээр, нэг саарал чоныг гадаадын иргэнд агнуулан 27,3 сая
төгрөгийг тус тус төвлөрүүлжээ. Мөн Яруу суманд 2018 онд нэг угалз агнан 28
сая, 2019 онд мөн нэг угалз агнан 58,4 сая төгрөгийг тус тус
төвлөрүүлсэн дүнтэй байгаа. Эдгээр орлогыг
Төлбөрийн тухай хууль болон Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу
буцааж тухайн амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөхөрлөлийн үйл ажиллагааг
дэмжих, тухайн сумын агнуурын менежментийг хэрэгжүүлэхэд
зарцуулахаар хуульчилсан байдаг.
-Тэгвэл ховор
амьтдын хамгааллын талаар танай байгууллагаас ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв?
-Ховор амьтныг хамгаалах хамгийн зөв механизм бол агнуурын
менежмент хэрэгжүүлэх явдал бөгөөд нэг талаараа тухайн агнуурын бүс нутаг
дахь зэрлэг амьтдыг нутгийн иргэдээр өөрсдөөр нь
хамгаалуулах, өсөж үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх цогц үйл
ажиллагаа юм. Жил бүр аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 5-8 сая төгрөг тусгаж гурваас таван тонн хужир, 100 орчим боодол өвс бэлтгэж
зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээг авч ажилладаг байгаа.
-Хууль бусаар ан агнах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өсөж байгаа талаар
сонсогдох болсон. Манай аймагт хууль бус ан агнах гэмт хэрэг хэр зэрэг гардаг
вэ?
-Манай улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 0.7
хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзэлдэг юм билээ. Гэмт хэрэг
үйлдэгдсэн хувь нь бага юм шиг боловч улс эх орон болоод байгаль орчинд учрах
хохирлын хэмжээ маш өндөр байдаг. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар
ан амьтан хууль бусаар агнах төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр өссөн байна
лээ. Харин манай аймгийн хувьд харьцангуй гайгүй. Аймгийн мэргэжлийн
байгууллагууд Цагдаагийн газартайгаа хамтран эргүүл хяналт шалгалтыг тогтмол
хийдэг. Энэ онд аймгийн хэмжээнд
нийт 13 иргэн 60 тарвага, нэг бор гөрөөс, нэг саарал чоныг хууль бусаар агнасан
хэргийг илрүүлж Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай
хуулийн дагуу шийдвэрлэн 2100000 мянган төгрөгийн торгууль, 22880000
мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьсан байгаа. 2016-2018 онд Яруу, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул суманд халиун
буга агнасан хэрэг гарсан, зарим хэрэг нь хуулийн дагуу шийдэгдсэн байгаа. Зарим нь эзэн холбогдогч нь
одоог хүртэл олдоогүй байна.
-Иргэдийн хувьд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд санамсаргүй байдлаар
холбогдохоос урьдчилан сэргийлж юуг анхаарах вэ?
-Манай иргэдийн дунд аливаа өвчнийг эдгээдэг,
намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн хууль бусаар ан,
амьтан агнах гэмт хэрэг зөрчил их үйлдэгдэж байна. Мөн зарим хүмүүс гоёл
чимэглэл, чихмэл хийх зорилгоор агнаж байгаа бол зарим нь тэдгээрийн гаралтай
яс, бугын эвэр, чих, засаа зэргийг худалдан борлуулах, гадаад руу
гаргах, өндөр ашиг олох зорилгоор агнах сэтгэлгээтэй холбоотойгоор хууль бусаар
ан агнах гэмт хэргүүд гарч байна. Тиймээс иргэд маань үндэслэлгүй цуу ярианд
итгэж, хууль бусаар ан агнахгүй байх, мөн эрхзүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж,
зохих зөвшөөрлийн дагуу ан агнаж байх хэрэгтэй юм.
-Залуучууд зугаа цэнгэлээ гаргах гэж зөвшөөрөлгүй ан амьтан агнадаг?
-Алжаал тайлах, галт зэвсгийг хэрэглэхдээ ангийн
хорхойгоо дарж ан амьтан буудаж хорхойгоо дардаг залуучууд байдаг. Эсвэл буугаа
шалгах гэж гараад зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газарт ан амьтан
буудчихаад ирдэг. Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болоод улсын
тусгай хамгаалалттай газар нутаг хаанаас эхлээд хаана дуусаж байгааг мэдэхгүйгээсээ
болж тусгай хамгаалалттай газарт нэвтэрч ан амьтан агнах явдал гардаг.
Тусгай хамгаалалттай
газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт
хэргийн шинжтэй болж хувирдаг. Бор гөрөөс, цагаан зээр, тарвага, зурам гэх
мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл
эрүүгийн хуулиар гэмт хэрэг болдог гэдгийг анзаарахгүй байх үйлдлүүд
гардаг.
-Улсын тусгай хамгаалалтай газарт ямар газар нутаг орох вэ?
-“Улсын тусгай хамгаалалттай газар” гэдэг нь манай оронд болон дэлхий дахинд нэн ховордсон ан амьтныг цаашид хадгалан үржүүлэх боломжийг хангах, байгалийн үзэсгэлэнт нутгийн унаган төрхийг хамгаалах зорилгоор төрийн эрх барих дээд байгууллагаас хамгаалалт тогтоосон газар нутгийг хэлнэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж дөрөв ангилдаг. Үүнд Дархан цаазат газар - Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг хэлнэ. Харин Байгалийн цогцолборт газар - Байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг, Байгалийн нөөц газар- Байгалийн тодорхой хэв шинж, аль нэг нөөц, баялгийг хамгаалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг, Дурсгалт газар - Байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг тус тус хэлнэ.
-Зөвшөөрөлгүй ан хийх асуудалд хэрхэн хяналт тавих вэ?
-Амьтны тухай хуульд бор гөрөөс, цагаан зээр, чоно зэрэг амьтдыг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан
байдаг. Ахуйн зориулалтаар агнах амьтны зөвшөөрлийг тухайн орон нутгийн сумын Засаг
даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн
хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа
явуулаад торгох арга хэмжээ авна.
-Нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ?
-Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор нийт 278 зүйлийн амьтдын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Жишээлбэл иргэн элбэг амьтан болох эр бор гөрөөсийг зөвшөөрөлгүй агнасан бол 330,0 мянган төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөр ногдуулан Зөрчлийн тухай хуулиар 150,0 мянган төгрөгөөр торгох заалттай.
Харин иргэн ховор амьтан болох эр халиун буга агнасан гэж үзвэл 6600,0 төгрөгийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр ногдуулан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн дагуу хууль бусаар ан ангасан бол улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг.
Түүнчлэн нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.