“Тэс” омгийн адуу шинэ үүлдрээр батлагдаж олон улсад данстай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тэс
омгийн адууг 2019 оны 11-р сард ХХААХҮ-ийн сайдын зөвлөлийн хурлаар шинэ
үүлдрээр баталж энэхүү адуу нь олон улсын генийн санд орсон тухай Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн мэдээллээ.
Тэс адуу шинэ үүлдрээр НҮБ-ын ХХАА-н байгууллага ФАО–д бүртгэгдэж түүний хамгаалалт хяналтад байхаар болжээ. Үүлдрийн зохион бүтээгчээр Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн, ХАА-н ухааны доктор Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц нарыг баталж, энэхүү үүлдрийн адууг бий болгоход олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан гурван аймгийн малчид, мэргэжилтэн, удирдах ажилтан 31 хүнийг Тэс адууны үүлдрийн идэвхтэй дэмжигчээр баталсан байна.
Увс,
Завхан, Хөвсгөл аймагт өсгөн үржүүлж байгаа Тэс удмын адуун сүрэг
дээр Монгол Улсын гавьяат мал зүйч Д.Самданжамц, хөдөө аж ахуйн ухааны доктор
Л.Чой-Иш, Монгол Улсын гавьяат зоотехникч Л.Лхаасүрэн нар хамтран ажиллажээ.
Тэд Тэс омгийн адууны аж ахуй, биологийн онцлогт эрдэм шинжилгээ,
судалгааны иж бүрэн ажлыг, сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулсан
байна.
Тэс адуунд бий болсон удам бүлийг баталгаажуулахаар, адууны цусны дээжүүдээс ген буюу геномийн ДНХ-г Олон улсын нийгэмлэгийн лабораторийн стандартын дагуу ялган анализ хийж, дэлхийн бусад үүлдрүүдтэй жишиж үзэхэд бие даасан (популяци) буюу үүлдэр болохыг ийнхүү 2019 онд баталлаа. Тэсийн голын 568 км уртын дагуу, гурван аймгийн байгаль, экологи онцлогоор нь гурван удам, зургаан бүл бүхий 100-аад мянган цөм сүргийн адуу ийнхүү дэлхийд данстай “Тэс” үүлдрээр батлагдсан ажээ.