Зудтай сумдын малчдын 8000 хүүхэд мөнгөн тусламж хүртэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. НҮБ-ын
“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрөөс Завхан аймагт хэрэгжүүлж буй төслийн хоёрдугаар
шат 2020 оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард хэрэгжинэ.
Төслийн хүрээнд энэ жилийн зудын зураглал дээр үндэслэн сонгогдсон сумдын 0-5 насны найман мянга хүртэлх хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр төлөвлөжээ. Завхан аймаг НҮБ-тай 2017 оноос хамтран ажиллаж 2018 онд 496 мянган доллар, 2019 онд 2.2 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ. Зудын нөхцөл байдал үүссэн үед мал, малчнаас гадна хүүхэд хохирч үлддэг. Тиймээс НҮБ-ын суурин төлөөлөгчтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэл өндөртэй Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Баянтэс сумын 0-5 насны 2800 хүүхэд тус бүрд 40 мянган төгрөгийн тусламж үзүүлээд байгаа юм.
Тэгвэл
өнгөрсөн оны 12 дугаар сард НҮБ-ын ажлын хэсгийнхэн төсөл хэрэгжсэн сумдад ажиллаж, хяналт мониторинг хийжээ. Ажлын хэсгийнхэн мөнгөн тусламж зорилтот
бүлэгтээ хэрхэн хүрч, үр дүнгээ өгч буйд хяналт тавьж ажилласнаас гадна фокус
бүлгийн ярилцлага зохион байгуулж, орон нутгийн удирдлага, албан хаагчидтай
уулзалт хийжээ. Өвөлжилт хүндэрч эхэлсэн энэ үед хүүхдийн мөнгөний дансаар
дамжуулан олгож байгаа энэхүү тусламжийг зөв зарцуулах нь чухал гэдгийг тэд
малчидтай уулзах үеэрээ дуулгаж байв. Харин малчдын хувьд цаг үеэ олсон чухал
хөрөнгө оруулалт болж буйд талархаж байгаагаа хэлж байв.
Энэ онд 2.2 сая долларын санхүүжилтийг
хүүхдүүдэд зарцуулна
НҮБ-ын
Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр Завхан
аймагт 2017 оноос хойш таван жилийн хугацаатай хэрэгжиж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс 2019 оны 12 дугаар сард Завхан аймагт ажиллаж өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр орон нутагтай хамтран хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнэж, ирэх жилүүдэд хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталсан билээ.
Тэрээр: “2019 он бидний хувьд олон чухал амжилтад хүрсэн онцлох жил байлаа. Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн орчинд цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх, усны эрүүл ахуйн чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрлээ. Мөн хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэндийг сайжруулах зорилтын хүрээнд олон ажлыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Тухайлбал, хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллолт улсын дунджаас сайжирсан. Хүүхдийн өсөлт хоцрогдол баруун аймгуудад 17 хувьтай байхад Завхан аймагт 10 хувь болж буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсанд баяртай байна.
Завхан аймаг орон нутгийнхаа
төсөв, төлөвлөгөөг батлахдаа хүүхдийн оролцоог ханган ажиллаж байгаа нь
сайшаалтай. Цаашид энэ бүх ололт амжилтаа бататгаж, илүү үр дүнд хүрнэ
гэдэгт итгэлтэй байна” гэж дүгнэснээ дуулгаж байсан. Ташрамд дээрх төсөл 2020-2021
он хүртэл үргэлжлэн хэрэгжих бөгөөд сум бүрийн ундны усны эрүүл ахуйн асуудалд
онцгой анхаарал хандуулахаар болжээ. Мөн аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын
“Үдийн цай”-ны чанарыг сайжруулахад эцэг эх, олон нийтийг татан оролцуулах,
тэднийг мэдлэг, мэдээллээр хангах, засаглал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх
зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулахаар болсон байна. Төслийн
хүрээнд 2020-2021 онд Завхан аймагт 2.2 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр
гэрээ байгуулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Сургууль бүр иж бүрэн гал тогооны тоног төхөөрөмжтэй болно
НҮБ-ын
Хүүхдийн сангаас 2020 онд ерөнхий боловсролын сургуулиудын гал тогооны тоног
төхөөрөмжийг сайжруулах, чанартай хүнс бэлтгэхэд нь анхаарч ажиллана.
НҮБ 2019 оны “Дэлхийн хүүхдийн аж байдал” үндэсний танилцуулгаа Улиастай хотод өнгөрсөн жилийн сүүлээр зохион байгуулсан. “Хүүхэд хүнс ба хоол тэжээл” сэдвээр гаргасан энэ оны тайланд хоол тэжээлийн дутагдал, буруу хооллолтын улмаас дэлхий даяар олон сая хүүхэд эрүүл мэндээрээ хохирч буйг энэ үеэр мэдээлж байсан. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилласны үр дүнд улсын хэмжээд томоохон ахиц дэвшил гарчээ. Ялангуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжиж буй Завхан аймагт бодит ахиц дэвшил гарч байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч онцолж үндэсний танилцуулга хөдөө орон нутагт анх удаа хийсэн билээ. Дээрх өдөрлөгийн үеэр Завхан аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хүүхэд, эцэг эх, иргэд олон нийтэд хүүхдийн эрүүл зохистой хооллолт ба өсөлт хөгжил, сургууль цэцэрлэгийн хоолны орчин, өрхийн ундны усны эрүүл ахуй, өрхийн хүнсний аж ахуй зэрэг олон сэдвээр мэдээлэл, зөвлөгөөг харилцан мэдээлж хамтран ажилласан.
Эрүүл мэндийн яам,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч
хамтран ажиллаж иргэдэд газар дээр нь зөвлөгөөг нэг бүрчлэн хүргэж байсан юм.
Завхан аймгийн тухайд ерөнхий боловсролын 29 сургууль бий. Эдгээр сургуулийн үдийн цай бэлтгэж буй гал тогоо стандартын шаардлага хангахуйц иж бүрэн
тоноглогдсон нь маш цөөхөн. Зарим сургуулийн тоног төхөөрөмж олон жил болж
хуучирч муудсан гээд асуудлууд бий. Нийт сургуулийн гал тогооны 60 гаруй хувь
нь л иж бүрэн тоног төхөөрөмжтэй байна. Тиймээс Хүүхдэд ээлтэй орон нутаг
хөтөлбөрөөс энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл, чанартай хоол хүнс
бэлтгэх тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эдгээр гал тогоонд ажиллаж буй тогооч
нарыг мэргэжлийн түвшинд бэлтгэх, сургах, дадлагажуулах сургалт, хоолны чанар
хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний сургалтыг өгч хамтран
ажиллахаар болсон хэмээн аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв.