Э.Амаржаргал: Уулын домгийг бүжгийн хэлээр илэрхийлэх нь сонирхолтой байсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы
“AMKA dance” бүжгийн сургалтын төвийн багш, бүжиг дэглээч Э.Амаржаргалтай
уулзаж саяхан Улаанбаатар хотноо тайзнаа тавигдсан “Уулын
домог " бүжгэн жүжгийн талаарх тодруулгыг авлаа.
-Сайн байна уу? Өнгөрсөн 12 дугаар сард
Улаанбаатар хотноо “Уулын
домог" нэртэй модерн бүжгэн жүжиг тайзнаа тавигдсан. Энэ бүжгэн жүжгийн
онцлог юу байв?
-Уул, усны домог түүхийг тайзнаа бүжгийн хэлээр өгүүлэхийг зорьж энэхүү бүтээлийг
найруулан тавьсан. "Уулын домог" этно модерн бүжгэн жүжгийн найруулагч,
бүжиг дэглэгчээр миний бие ажиллалаа. Энэ бүжгэн жүжиг Улаанбаатар хотод хоёр
удаа тавигдсан. Удахгүй орон нутагтаа тавих төлөвлөгөөтэй байна. Бүжгэн жүжигт маань Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт
Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр
говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас
тогтсон хад чулуурхаг өнчин уул болох Ээж хайрхан уулын домгийг өгүүлдэг юм.
-Яагаад заавал энэ уулын домгоор бүжгэн жүжиг тавих санаа
төрөв?
-Тэгэлгүй яах вэ. Миний бие Говь-Алтай аймгийн Баян тоорой сумын уугуул хүүхэд. Тиймээс өссөн нутгийнхаа уул усны домгийг хүүхэд
байхаасаа сонсож сонирхож, судалж уншдаг байв. Бүжигчин болчихоод ямар нэгэн
газар ус, уулын домгийг бүжгийн урлагийн гайхамшигт хөдөлгөөнүүдээр илэрхийлж
тайзнаа тавих юм сан гэж боддог, мөрөөддөг байлаа. Тэгээд энэ хүслээ өнгөрсөн
жилийн гуравдугаар сараас эхлэн биелүүлэхээр судалгааны ажил хийж эхэлсэн.
Ингээд бүжгэн жүжгийн зохиол, найруулгыг хэрхэн яаж хийх талаараа багш нараасаа
болон бүжгэн жүжгийг удирдсан багш М.Мөнгөнцэцэгтэйгээ
ярилцаж бэлтгэл ажлаа базаасан. "Уулын домог" бүжгэн жүжигт байгалийн тогтоц, дүрс дүрсэлгээ, хад, агуйн зураг, хадны зураглалуудыг
нь өнөө үеийн өнгө будгаар илэрхийлэхээс илүүтэй тэрхүү домог өгүүлэх цаг үеийн
байдлаар дүрслэхийг хичээсэн. Мөн бүжигчдийн нүүр хувиргалтыг эртний хүмүүсийн
унаган төрхөд өөрчилж, тэр үеийн хүмүүсийн хөдөлгөөнийг судалж бүжих мэт
хөдөлгөөнийг нь нарийвчлан үзэж бүжигчин бүр өөрийн хөдөлгөөнд шингээхийг
эрмэлзлээ. Бүжгийн урлагийн мэргэжлийн үүднээс тухайн үеийн дэг жаяг, онцлог,
өнгө аяс, хэлбэр бүтэц зэргийг ч мөн судалж бүжигчдийн хөдөлгөөний гаргалгааг илүү
орчин үед шингээж, хослуулж хийснээр "Уулын домог" этно модерн бүжгэн жүжиг онцлог
болсон. Мөн бүжгэн жүжгийн бүжиг
дэглээчээс шаарддаг уран сайхны логик сэтгэлгээ, тавилт, дүрийн өвөрмөц онцлог,
бүжгийн техник үйлдэл зэргийг мэргэжлийн ур чадвар, нүүрний хувирал,
жүжиглэлттэй хослуулах шаардлагыг бүрэн хангаж бүжиглэсэн бүжигчдэдээ
баярлалаа.
Энэ бүтээл нь угсаатны эртний бүжгийн хөдөлгөөнийг
орчин үеийн модерн бүжгийн хэлбэрт оруулж хийсэн бүтээл юм.
-Бүжгэн жүжиг хэдэн
үзэгдэлтэй вэ?
-"Уулын домог" этно модерн бүжгэн жүжиг маань хоёр бүлэг, зургаан үзэгдэлтэй. 60 гаруй минут үргэлжилдэг уран бүтээл юм. Бүжгэн жүжгийн хөгжмийг Завхан аймгийн уугуул, хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар бичсэн. Хөгжмийн зохиолч маань домогт өгүүлж буй тухайн үеийн үйл явцыг хөгжмийн хэлээр гайхалтай уран нарийн гаргаж өгсөн. Тухайлбал тухайн үеийн ардын язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн дуугаралт, хөгжмийн онцлог төрлүүдтэй нийлүүлж хослуулсан байгаа. Бүжгэн жүжигт гарч буй Аж Богд уул гэхэд настай эрэгтэй хүний дүр, Бурхан буудай уул гэхэд залуу идэр чийрэг эр, Ээж хайрхан үзэсгэлэнтэй, залуухан гоо бүсгүй гээд энэ олон дүрийг хөгжмийн ямар хэлээр илэрхийлэх вэ гэж нарийн бодож тунгааж хөгжим бүтсэн.
Дүр бүр, өөрөөр хэлбэл уул, газар бүрийн өөрийн онцлог төрхөд тохируулан хөгжмийн аязаа тааруулсан гэсэн үг юм. Хөгжмийн зохиолчийн хувьд анх удаа бүжгэн жүжгийн хөгжмийг бичсэн байгаа.Тиймээс хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Э.Хүрэлбаатар тун өвөрмөцөөр хийсэн бол тайзны зураач, бүжигчдийн хувцасны дизайн, загвар, үлгэр домгийг найруулан бүжгэн жүжгийн цомнолыг бичнэ гээд маш олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл боллоо.
Миний хувьд “Уулын домог” бүжгэн жүжиг бол анх удаа өөрийнхөө мэргэжлийн
хэмжээг эвдэж хийсэн томоохон бүтээл болсон. Энэ бүжгэн жүжиг үзэгч олон тэр дундаа
орчин үеийн хүүхэд залуучуудад хүрээлэн буй байгаль орчиндоо зөв зохистой
хандаж, эх байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэн хайрлан дээдлэх сэтгэлийг
дэврээхийг зорьсон. Мөн газар усны түүх домог, билэг ерөөлийг танин мэдүүлэх
зорилготой юм.
-Уулын домгийг сонсмоор
санагдлаа?
-“Уулын домог”-т өгүүлэгдэх уул бол “Ээж хайрхан” юм. Ээж хайрхан үүссэн тухай домгийг хэлбэл Одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Бигэр сумын заагт оршдог Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын савслагаас нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орон даяар тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулдаг байж гэнэ. Энэ нутгийн хамгийн том ноён Бурхан буудай болон Аж богд ноён тус тусдаа бүсгүйг залжээ. Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ноён хөл алдан угтаж гэнэ. Бурхан буудай ноён тэргүүндээ жаахан буурал байсанд гоо бүсгүй “уг нь сайхан ноён ажээ, одоо хөгширч буурал суусан байна” хэмээн голжээ.
Тэгээд Бурхан буудай ноёныг орхиод Аж богд ноёныд очиж гэнэ. Аж богд
дотроо “Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таарна” гэж бодоод Хатан
хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд унтаад өгч гэнэ. Гоо бүсгүй тэгтэл “гэрлэж
суухаа байя, зөвхөн төрсөн нутагтаа харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар
амьдаръя” гээд буцаад явчихжээ. Аж богд ноён сэрээд гоо бүсгүй хаачсаныг
асуутал албат нар нь буцаад явсан гэжээ. Аж богд бүсгүйг хаа байгаа газраас нь
олоод ир хэмээн албат цэргүүддээ тушаав. Гоо бүсгүй буцаж явах замдаа жаахан
амрахаар гэдрэгээ харан хоёр хөлөө нугалан хэвтээд зүүрмэглэж байтал хоёр талын
хормойг нь хүнд юм дараад байх шиг санагджээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн
цэргүүд туламд элс хийж хормой дээр нь шидэж байна гэнэ. Явж чадахгүй боллоо
гэдгээ мэдсэн бүсгүй “Уул уултайгаа уулздаггүй, харин хүн хүнтэйгээ учирдаг юм.
Би одоо хэнтэй ч уулзахгүйгээрээ ингээд ганцаараа хоёр уулын хооронд үүрд
үлдэхээс өөр замгүй боллоо” гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирчээ.
Ийнхүү Ээж хайрхан уул үүссэн гэдэг домог байдаг. Энэ домгийг бидний уран
бүтээлчид бүжгийн хэлээр дуу, хөгжим хослуулан өгүүлэх гэж хичээсэн нь Уулын
домог бүжгэн жүжиг юм.
-Дээрх домгийг бүжгэн жүжигтээ хэрхэн өгүүлэв?
-Мэдээж бид Ээж хайрхан уулын тухай маш олон домгийг судалж бүх домогт өгүүлж буй үйл явдлуудыг шингээж өгөхийг зорьсон. Тэгээд олон домгоос бүрдсэн үйл явдал, өрнөлтэй, сэтгэл хөдөлгөм түүхүүдийг илүү тодруулан гаргаж ирэхийг зорьсон байгаа. Ингээд бидний “Уулын домог” бүжгэн жүжигт өгүүлснээр: -Хонгор сайхан насаа элээн хувь тэнцүү хүүгээ хүлээн хурмастын дагина ээж уул, хүний хорвоогийн үзмэр болсноор эхэлдэг. Хорвоо ертөнц өөрийн жамаар үүсэн бүтэж, галав дараалан юүлсээр улиран өөрчлөгдөж, өнөөгийн төрхдөө орж байсан тэр цагт, хөлгүй цэнхэр усан дотроос хосгүй үзэсгэлэнт охин гарч газарт заяаж эхний үзэгдэл эхэлнэ. Лусын охин өдрөөс өдөрт, жилээс жилд өсөн бойжиж үзэсгэлэнт гоолиг бүсгүй болон нас биед хүрчээ. Гоолиг бүсгүйг түмэн амьтан тойрон дагаж, наалинхай сайхан аашийг нь хүмүүс биширч хүндэтгэн, нүд хужирлан, харах дуртай буй үзэгдэл үргэлжилнэ. Ийнхүү тэр нутагт түүнтэй тэнцэх тийм сайхан эрс үгүй тул бүсгүй ганцаардан, тохирох ханиа олохоор орчлонгоор хэсэн явж эхэлнэ. Тэгж явтал нутгийн хойд зүгт Бурхан буудай гэдэг нэгэн залуутай танилцжээ. Бүсгүйн сэтгэл үүнд татагдаад байсан боловч ханхүү Бурхан буудай, бүсгүйн үлэмжийн гоо үзэсгэлэнг хүндэтгэх учир түүнийг өөртөө ойртуулахыг хүссэнгүй. Тэгээд тэр бүсгүйд: -Надаас хэд ах “Аж богд” гэдэг залуу сайхан эр бий.
Та хоёрыг хорвоод
хосгүй сайхан хосууд болох байх гэж би бодож байна. Хэрэв тэр чамд таалагдахгүй
бол хэрхэхийг өөрөө мэдсүгэй, гээд Аж богдыг зааж явуулжээ. Бүсгүй хэдийгээр
явах дургүй байсан ч байдалд зохицон Бурхан буудайд талархаад: -Хэрэв надад Аж
богд таалагдахгүй бол чи миний нөхөр байх болно гэж хэлээд Аж богд руу явжээ.
Аж богд ахимаг настай ч үнэн сайхан эр байсан учир тэр хоёр ханилан сууж хоёр
сайхан хүүхэд төрүүлж, нэгийг нь “Улаан хайрхан”, нөгөөг нь “Шивээт Улаан” гэж
нэрлэжээ. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хирээр бүсгүй өмнө зүг рүү харж санаа
алдан уйтгарлах болжээ. Нөхөр нь үүнийг ажиглаад сэтгэл нь зовж, дагинаас учрыг
нь асуужээ. Дагина үнэнээ хэлж: Өмнө зүгт “Атас богд” гэдэг нэгэн сайхан эрд
сэтгэл татагдаад байна. Би сэтгэлээ амрааж Бурхан буудайд очмоор байна гэж хэлж
гэнээ. Аж богд гурван сар гунин эцэст нь: -Залуу сайхан бүсгүй болохоор чи
замаа бод, харин би хоёр хүүгээ авч хоцоръё гээд зөвшөөрчээ. Гэтэл бүсгүй
явахдаа нэг хүүгээ дагуулан оргож, хойшоо бус өмнө зүг рүү явсныг Аж богд
мэдээд, ихэд хилэгнэн элчээ явуулжээ. Дагина бүсгүй Зармангийн говийг захлан
Идрэнгийн нуруунд гарахаар явтал Аж богдын элч гүйцэн очжээ. Дагина хүч гарган
эргэн зугтааж явах замдаа малгайгаа авч хаясан газрыг “Мандал толгой”, бүсээ
тайлж хаясан газрыг “Хүйс толгой”, гутлаа тайлж хаясан газрыг нь “Шийрийн хар”
гэж нэрлэх болжээ.
Дагина зугтаж явахдаа бие засах гэж эргэн харж суутал гомдож
уурласан Аж богд түүний хойноос элс цацаж хормойг нь дарахад, Ээж хайрхан
гэдрэг унаж босож чадалгүй, тэр газартаа мөнх суурьшсан гэдэг. Аж богд, Ээж
хайрхан, Улаан хайрхан, Шивээт улаан дөрвүүлээ бие биеэ харсаар олон үеийг
элээж, бидний үед иржээ. Хожим нь лусын хааны элч замба гүрвэлүүд Ээж хайрхныг
хайж сураглан ирээд, Захуйн говиос олж, түүнд тохиолдсон явдлыг сонсож, уяран
хайлаад буцаж явалгүй, манасаар үлдсэн гэдэг.
Одоо бидний үед ч тэдний үр сад
болох замба гүрвэлүүд Ээж хайрханд элбэг байдаг билээ. Тэр цагаас хойш энэ
нутагт эр хүнийг гомдоосон эм хүн өөдлөхөө больжээ. Одоо ч гэсэн Бурхан буудай
уул өрөвч сэтгэл гарган тунгалаг ариун усаа Ээж хайрханд илгээсээр. Тэр ус нь
Аж богдоос эмээж, газар доогуур урссаар “Ээж хайрхныг тэтгэсээр байдаг билээ”
гэхчлэн домгийг бүжгэн жүжигт үзүүлсэн байгаа.
-Домгийг улам илүү сонирхолтой болгожээ. Ингэхэд Ээж
хайрхан уул улсын тусгай хамгаалалтад байдаг уул уу?
-Тийм ээ. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршдог. Далайн түвшнээс дээш 2277 метр өндөр эл уулын 22475 га газрыг хамруулан 1992 онд тусгай хамгаалалтад авсан юм билээ. Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг. Аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтдын хоёр тийш нүүдэллэх хөндий болж байдгаараа чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Тийм учраас тусгай хамгаалалтад авсан болов уу. Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд олон цаг хэрэгтэй бөгөөд авирах явцад замын турш янз бүрийн нэр өгч нэрлэхээр гайхалтай сонин байгаль эхийн бүтээлүүдээр баялаг байдаг.
Тухайлбал алдарт есөн тогоо, ламын агуй гэх зэрэг онцлог тогтцуудаас гадна
гүрвэл хад, бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, гахайн толгой,
тэврэлдэн суугаа хос залуус, түлээний сав, олон суудал хад (театр хад), ембүү
хад, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад
гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоц хаднуудыг үзэх
боломжтой. Ембүү хаданд мөргөж залбирсан хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг
дэлбэг явна хэмээн сүсэглэдэг юм билээ нутгийнхан нь. Эхийн хэвлий хадаар
шургаж гарсан хүн ахин төрж, өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн нүгэл нь ариусна
хэмээн үздэг. Эр хүний хаданд мөргөж залбирвал үр хүүхдийн заяа сайжирч, үр
хүүхэдгүй хүн өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч ирсэн түүхтэй юм
билээ.
-Ээж хайрхан уулын
домогт замба гүрвэл гэж гардаг юм байна. Энэ Замба гүрвэл хэр элбэг байдаг бол?
-Тийм ээ. Домогт
өгүүлдэг Ээж хайрхны харуул сахиул мэт түгээмэл энд тэнд үзэгдэх амьтан бол
Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа ч гэж нэрлэдэг. Монголын хамгийн том
гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар
гэрэлд олноор цугладаг шар аалз бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн
тариалангийн талбай байх бөгөөд нутгийн иргэд 33 метр өндөр, 12 метр өргөн
даланг барьж хамгаалсан байдаг юм. Тэрхүү хойд энгэрт төрөл бүрийн хүнсний
ногоо, тариа будаа тариалдаг ба энэ хэсэг газрыг Хаяагийн баян бүрд гэж
нэрлэдэг. Нутгийн өвгөдийн яриагаар бол тэнд бөө удган нар есөн тогоо бүрээс ус
авчирч угаал үйлдэн “Хатан заяаг тэгшлэх” зан үйл хийдэг байжээ. Эх орныхоо
дархан хилийг бат бэх, бүрэн бүтэн байлгах, эр эмийн заяаг тэгшлэх, эх дэлхийн
амар амгаланг бэлгэдэж тахилга үйлддэг ч уламжлалтай юм билээ. Ийнхүү уулын
домгийг өгүүлэх сонирхолтой бүжгэн жүжгийг дахин тайзнаа тавихаар бэлтгэлээ
базааж байна. Байгалийн тогтоц, дүрс дүрсэлгээ, хад, агуйн
зураг, хадны зураглалууд нь өнөөгийн уран бүтээлүүдэд тусгагдсан эртний
хүмүүсийн унаган төрх төдийгүй хөдөлгөөний урлагийг нарийвчлан судлах, бүжгийн
мэргэжлийн үүднээс тухайн үеийн дэг жаяг, онцлог, өнгө аяс, хэлбэр бүтэц
зэргийг судалж хөдөлгөөний гаргалгааг хийснээр Уулын домог этно модерн бүжгэн
жүжиг олны хүртээл болсон юм. Төрсөн нутгийнхаа уул, хайрхны домгийг бүжгийн
хэлээр өгүүлэх нь их сонирхолтой бөгөөд амаргүй ажил байлаа.
-Танд
маш их баярлалаа.