Сар шинийн өдрүүдэд иргэдээс дуудлага бага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-02-26 20:42:27

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт цагаан сарын өдрүүдээр 16 ойрын дуудлага иржээ.

Харин яаралтай тусламжийн тасагт 10 хүн өөрийн биеэр ирж үзүүлсэн байна. Үүний тав нь ханиад томуутай байсан аж. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 67 хүн хэвтэн эмчлүүлж буй.

Энэ жил иргэдээс хоол боловсруулах эрхтэн буюу гэдэс эвгүйрхэх, гүйлгэлт, суулгалт, хоолны хордлогын дуудлага ирээгүй аж. Учир нь хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд  аль болох айл хэсэхгүй гэр гэртээ шинэлсэн  байна.

Цагаан сарын баярын өдрүүдээр аймгийн Амаржих газарт нийт таван эх нярайлжээ. Шинэ короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгээс хэвтэн эмчлүүлж байгаа болон үйлчлүүлж буй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоосон энэ үед хүн бүр COVID -19 өвчний талаарх мэдээллийг цаг тухайд нь тогтмол авч, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон хайртай хүмүүс гэрээ бүлээ хамгаалах дэглэмийг сахин хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Хүн бүр олноороо цугларахаас зайлсхийх, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалт болон халдваргүйжүүлэлт хийхийг  сануулж байна хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 

Related news