Сум хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Завхан
аймгийн Онцгой комисс 02-р сарын 26-ний өдөр шуурхай хуралдаж зорчих хөдөлгөөн
хязгаарлах тухай шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал хот хооронд, орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ дараах гурван тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн нэвтрэх зөвшөөрөл олгохоор болов. Нэгдүгээрт албан томилолттой бол томилолтын хуудас, удирдамж, шуурхай комиссын шийдвэрийг үндэслэн нэвтрүүлнэ. Хоёрдугаарт эмнэлгийн шалтгаанаар нэвтрэх тохиолдолд өвчтөн илгээх 13А маягт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тодорхойлолт, шуурхай штабын зөвшөөрлийн бичгээр нэвтрүүлэх, гуравдугаарт ар гэрийн гачигдлаар нэвтрэх тохиолдолд цагдаагийн байгууллагын тодорхойлолт эсвэл эмнэлгийн даргын тодорхойлолтыг үндэслэн аймгийн “Шуурхай штаб”-ын зөвшөөрлөөр тус тус нэвтрүүлэхээр шийдвэрлэв.
Дээрх гурван тохиолдлоос бусад үед аймаг, сум
хооронд иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Нэвтрэх зөвшөөрлийг сум
дотроо сумын Засаг даргын зөвшөөрлөөр, сум хооронд аймгийн “Шуурхай штаб”-д
мэдэгдсэнээр сумын даргын зөвшөөрлөөр, бусад аймаг, Улаанбаатар хот руу нэвтрэх
тохиолдолд аймгийн “Шуурхай штаб"-ын зөвшөөрлөөр тус тус нэвтрүүлэхээр
болсон байна. Иймд аймгийн Онцгой комиссын гишүүд, эргүүл, постууд 2020 оны
гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл үргэлжлүүлэн ажиллах тул сумдын
Засаг дарга нар, аймгийн Онцгой комиссын гишүүд хариуцлагатай ажиллахыг тус тус
үүрэг болгожээ. Түүнчлэн коронавирусний халдварын талаарх худал, ташаа мэдээллийг цахим
сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр
түгээсэн, өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллын түүх болон
биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан
иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоор болов.