Сумын талхны цех өдөртөө 50-60 ширхэг талх борлуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын талхны
цех өдөртөө 50-60 ширхэг талх үйлдвэрлэн борлуулдаг ажээ. Жил ирэх тусам
борлуулалт сайжирч өөрийн гэсэн худалдан авагчтай болж байгаа тус цехээс сумын
хүнсний дэлгүүрүүд татан авалт хийж, борлуулалт ч сайн байдаг гэлээ.
Аймгийн төвөөс татсан талх, нарийн боов
заримдаа хадгалалт даадаггүй сул талтай. Мөн сумын хэрэглэгчид өдөр бүр шинэ
талх авах сонирхолтой байдаг болохоор талхны борлуулалт маш сайн байдаг хэмээн
хүнсний дэлгүүрийн худалдагч нар хэлэв. Ийнхүү нэг сумын жижиг цехэд 3-4 хүн
ажлын байртай болсноор 22 сумын 70 гаруй ажилгүй иргэн байнгын ажлын байраар
хангагджээ. Ингэснээр сумын иргэд сумандаа үйлдвэрлэсэн шинэхэн талх, нарийн
боовыг хэрэглээд зогсохгүй тэмдэглэлт баяр ёслолын үеэр бялуу, кекс, пицца,
хэрчсэн гурил гэхчлэн аймгийн төвөөс тээвэрлэдэг байсан нарийн боовныхоо
хэрэгцээг бүрэн хангаж байгаа сайн жишээ сум бүрд бий.
Сумдад үйлдвэрлэсэн
талх нарийн боов аймгийн төвд борлуулж буй бүтээгдэхүүнүүдээс даруй 500-800
төгрөгийн хямд байдаг гэнэ. Гэхдээ зарим суманд 5000 төгрөгийн үнэтэй талх ч
байдаг ажээ. Ийм үнэтэй бүтээгдэхүүний нэг нь Ургамал сумын хөөлгөгчөөр биш
хөрөнгөөр исгэдэг, амттай, орц найрлагыг хэрэглэгч захиалагчдынхаа хүсэлтээр
баяжуулдаг. Энгийн дөрвөн талхтай тэнцэх том хэмжээтэй, зөвхөн захиалгаар
өдөртөө хийж борлуулдаг талх байна. Ер нь сумдын талхны цехүүд өдөр өдөртөө
үйлдвэрлээд борлуулдаг, дэлгүүрийн лангуун дээр уддаггүй онцлогтой,
хэрэглэгчдээ татсан амттай бүтээгдэхүүн байж чаддаг ажээ. Завхан аймаг
өнөөдрийн байдлаар 22 суманд талх нарийн боовны цех ажиллаж, орон нутгийнхаа
иргэдийн хэрэгцээг хангаад зогсохгүй ажлын байрыг нэмэгдүүлжээ.
Түүнээс хойш бусад сумын иргэд өөрсдийн санаачилгаараа, сум хөгжүүлэх сангийн
дэмжлэг болон өөрийн хөрөнгө оруулалтаар жижиг цехүүдийг байгуулснаар 22 сум
өөрийн сумын нэрийн талх, нарийн боовыг үйлдвэрлэдэг болжээ.