Нутагшуулсан тарваганы тоо толгой өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын нутаг
Туулайт уул орчимд хөдөлгөөн мэдрэгч долоон автомат
камер байрлуулж шинээр нутагшуулсан тарвагыг хянахаар болжээ.
Тодруулбал Дөрвөлжин сумын нутаг Туулайт уул
орчмын биологийн олон янз байдлыг хамгаалах, монгол тарвагыг нутагшуулах ажлыг өнгөрсөн
жил уул уурхайн “Баян айраг эксплорэйшн" компанийн дүйцүүлэн хамгааллын
хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа "Отгон Бор Хавцал" ТББ-аас хийжээ. Хөтөлбөрийн
хүрээнд Туулайт уул орчмын уулсын биологийн олон янз байдлыг хамгаалах, судлах
чиглэлээр хэд хэдэн ажил хийсний нэг нь монгол тарвага сэлгэн нутагшуулах ажил
байжээ.
Дөрвөлжин сумын хэмжээнд монгол тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээ багасаж устах аюулд орж болзошгүй байгаа тул хамгаалах зайлшгүй шаардлага гарчээ. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ТББ-ынхан хулгайн анд өртөх магадлалтай, зам дагуу болон бусдаасаа тасарсан өсөх боломж бага популяцууд болох нийт хоёроос гурван насны найм буюу таван эм, гурван эр тарвагыг Туулайт уул орчимд байсан дөрвөн популяцтай нийлүүлэн тавьжээ. Тус газарт автомат камер суурилуулан судалгааны ажлыг хийсэн бөгөөд намар нь хоёр бүл болон ичсэн байна. Тарвага сэлгэн нутагшуулсан талбай нь Дөрвөлжин сумын Жанчив БААХ нөхөрлөлийн хариуцсан талбай бөгөөд хамгаалалт, судалгаа мониторингийн ажлыг нөхөрлөлийн гишүүд болон сумын байгаль хамгаалагч нар тогтмол хийж байна.
Харин сургалт, сурталчилгааны ажлыг нь "Отгон Бор Хавцал” ТББ сум, багийн иргэдэд хийхээр төлөвлөн жилийн турш амжилттай ажиллажээ. "Отгон Бор хавцал" ТББ-аас нутагшуулсан тарвагыг эргэх, камерын судалгааны хяналтын ажлаа хийхээр өнгөрсөн сард Дөрвөлжин суманд ажиллаж дээрх тооны камеруудыг нэмж суурилуулсан байна. Камерт бичигдсэн дүрс, зургаар нутагшуулсан тарваганы тоо толгой өссөн болохыг "Отгон Бор хавцал" ТББ-ээс мэдээлэв.