Мал болж чадаагүй ишиг, хурганы арьсыг элдүүлдэг болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-17 09:55:46

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн сумын арьс шир боловсруулах жижиг үйлдвэр энэ жил 3200 гаруй орчим нэхий элдэж боловсруулжээ.

Тус үйлдвэр өнгөрсөн хавраас хойш хурганы болон хонины арьсыг иргэдийн захиалгаар элдэж боловсруулсан байна. Иргэдээс захиалга авч үйлчилгээ үзүүлэхээс гадна түүхий эдээ худалдан авч боловсруулан худалддаг аж. Тухайлбал элдсэн үхрийн ширийг 250-270 мянга, хонины нэхийг 40-50 мянга, хурганы арьсыг 15-20 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байгаа ажээ. Үйлдвэрийнхээ гол түүхий эд болох малын арьс ширийг орон нутгаасаа авахаас гадна иргэдийн хүсэлтээр үхрийн ширийг 50.000-80.000, хонины нэхийг 20.000, хурганы арьсыг 5.000 төгрөгийн ханштайгаар элдэж өгдөг байна.

Энэхүү арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах үйлдвэр нь өдөрт 150 ширхэг хурганы арьс, 30 ширхэг нэхий, хоёр ширхэг үхрийн шир үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар байнгын гурав, туслах ажилтан нэг ажиллаж дөрвөн хүнийг ажлын байраар хангажээ. Үйлдвэрийг иргэн Д.Шаравсамбуу “Арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах” нэртэй төслийг бичиж сум хөгжүүлэх сангаас 11 сая төгрөгийн зээл авч өнгөрсөн жил байгуулжээ. Үйлдвэр ашигтай ажиллаж, эрэлт их байгаа учраас энэ жил сум хөгжүүлэх санд дахин хандаж зээл авчээ. Улирлын чанартай үйлдвэрийн хүчин чадал ачаалал ихэсдэг. Тухайлбал намар, зун арьс шир элдүүлэх сонирхолтой иргэд их байдаг. Учир нь малчид хаврын хүнд цагт мал болж чадаагүй ишиг, хурга, хониныхоо арьсыг хаяхгүйгээр элдүүлж авдаг болсон хэмээн үйлдвэрийн эзэн хэлэв.

Харин сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь иргэдэд хамгийн бага хүүтэй зээл олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм. Энэ хөрөнгийг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож иргэдийг байнгын ажлын байртай, сум орон нутагтаа хэрэгцээ шаардлагатай жижиг үйлдвэрлэлийг бий болгож байгаа нь сум хөгжүүлэх сангийн гол ач холбогдол юм гэж Тэлмэн сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Related news