Хомын талын тэмээн сүргийг өсгөхөд дэмжлэг үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Дөрвөлжин сумын
нутаг Хомын талд тахь сэргээн нутагшуулж буй төслийн багийнхан уугуул нутгийн
иргэдийн тэмээн сүргийг өсгөн үржүүлэхэд анхаарч байна.
-"Бидний зэрлэг адуу нутагшуулж байгаа газар нь хоёр бөхтэй тэмээ зонхилон нутагшсан бүс нутаг юм. Тэмээ нь говь цөлд дасан зохицож амьдрах чадвартай амьтан. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж өл даах чадвар сайтай, хатуу ширүүн өвлийн цаг агаарт дасан зохицон амьдрах өндөр чадвартай.
Түүнчлэн бэлчээрлэн явахдаа хол зайг туулан өвс
тэжээлээ олж иддэг нь бэлчээрийн талбайг бага сүйтгэдэг байна. Сүү нь илчлэг
тэжээллэг сайтай, идшинд хэрэглэхэд мах ихтэй ба тансаг хэрэглээний ноостой.
Дулаан ба торгомсог зөөлөн чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн торомны ноос
нь тансаг хэрэглээнд тооцогддог ба гадаад улс оронд өндөр үнээр зарагддаг эдлэл
юм. Ийм учраас торомны ноос нь Хомын талын ирээдүй юм”. Тиймээс Европын
Холбооноос бидэнд олгосон хандивын ачаар бид уугуул нутгийн малчин
эмэгтэйчүүдийн "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ын гишүүдэд ингэ худалдан авч
өгч Хомын талын тэмээн сүргийг нэлээд хэмжээгээр өсгөх боломжийг бүрдүүлсэн
байгаа.
Одоогоор бид бага хэмжээгээр торомны
ноосыг гадаадад гаргах худалдаа эрхэлж буйн зэрэгцээ бусад боломжит асуудал,
тэмээнд тулгуурласан эдийн засгийн сонирхолтой үйл ажиллагааг хөгжүүлэхээр шинэ
санааг эрэн хайж байна хэмээн Хомын талын тахь ТББ-ээс мэдээлэв.