Улиастайн өрхийн эмнэлгүүд 7400 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-04 19:19:01

Завхан /МОНЦАМЭ/. Аймгийн төв Улиастай сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд иргэдэд угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийт 7400 гаруй иргэнд үзүүлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бол 2018 оноос хойш тусламж үйлчилгээний төрлүүдээ нэмж чанар хүртээмжээ сайжруулжээ. Тухайлбал өрхийн эмнэлгүүд дээр зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд томуугийн дэгдэлтийн үед 214 иргэнд утлагын үйлчилгээг үзүүлжээ. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн сорьц тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлэн цус, шээс, биохимийн шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ авч давхардсан тоогоор 2584 иргэний шинжилгээг авсан байна. Мөн цахим-эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд цахим жор үйлчилгээг нэвтрүүлж давхардсан тоогоор 7480 иргэнд үйлчилжээ.

738 иргэнд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ

Улиастай сумын өрхийн эмнэлгүүд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилгоор гэрээр үзлэг, зөвлөгөө өгдөг өдөртэй болжээ.

Багийн иргэдэд хамгийн ойр байдаг өрхийн эмнэлгийн үйлчилгээг жил бүр сайжруулж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх ажлыг санаачлан хийж байгаа аж.

Тухайлбал багийн иргэдийн судалгааг насны ангиллаар нь гаргаж шаардлагатай, зорилтот иргэддээ гэрээр нь сард хоёр удаа очиж үйлчилгээг үзүүлдэг ажээ.

Мөн бага насны болон нярай хүүхэдтэй өрхүүдэд долоо хоног бүр урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ, зөвлөгөөг очиж үзүүлдэг байна. COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 738 иргэнд сурталчилгаа мэдээлэл өгчээ. Мөн гэрээр нь очиж үйлчилгээ үзүүлдэг иргэдийнхээ халууныг нь тогтмол хэмжих, гадуур гарах үедээ амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг сахих,  дархлаагаа дэмжихийг байнга зөвлөж байна.


Урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийж байна

Өрхийн эмнэлгүүд зарим шаардлагатай үед уртасгасан цагаар ажиллаж бямба гаригт ч мөн үйлчилгээ үзүүлдэг байна.  

Учир нь COVID-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалд эрүүл мэндийн салбар онцгой анхааралтай ажиллаж байгаа. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэж буй юм. Тухайлбал, өрхийн эмнэлгүүд харьяа багийнхаа иргэдэд, сард нэг удаа айл саахалтаар нь очиж халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг гэрээр нь өгч байгаа. Улиастай суманд ойролцоох сумдын 6000 шахам түр оршин суугч амьдарч байна.

Тиймээс өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажилладаг. Эдгээр иргэдэд ч мөн үйлчилгээг үзүүлж байгаа.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг өдрөөр, гэрээр олгож, аав, ээж болох гэж буй залуу гэр бүлүүдэд хүүхэд асрах, хооллох зөвлөгөө, сургалтыг өгчээ. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг насны бүлгээр нь ангилж өрхийн эмнэлэг дээрээ танхимаар давхардсан тоогоор 120 орчим иргэнд хийгээд байгаа. Гэрээр очиж зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж түүнээс урьдчилан сэргийлэх аргыг зааж өгч байгаа нь үр дүнгээ өгч байгаа тухай Улиастай сумын ЗДТГ-аас тус тус мэдээллээ. 

Related news