Үндэсний бичиг үсгээ байгалийн хаданд буулгаж үлдээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 16:39:07

Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг Бага газрын чулуунд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” жуулчны бааз “Монголчуудын бичиг үсгийн гайхамшиг” төсөл хэрэгжүүлсэн байна.

 “Өөрийн гэсэн бичиг үсэггүй улс орон байдаг. Харин манай монголчууд үе үедээ бичиг үсгээ өөрсдөө зохион хэрэглэж ирсэн бичиг үсгийн аугаа өв соёлтой ард түмэн. Тэр өв соёлоо таниулан сурталчлах зорилгоор байгалийн хадан дээр үг сийлж үлдээхийг зорьсон юм” гэж жуулчны баазын захирал Н. Цоож хэллээ.

Монголчуудын өвөг Хүннү, Сүмбэ, Жужаан, Хитанчуудын МЭ- ний 2- 3 дугаар зууны үеэс дундад зуун хүртэл хэрэглэж байсан руни бичиг, МЭ- ний 6- 7 дугаар зууны үед үүсч, монгол туургатны түүхийн бүхий л үеийн турш хэрэглэгдсээр өнөө цаг үед хүрч ирсэн монгол бичиг, Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжалцангийн зохиож Юань гүрний төрийн бичиг болж хэрэглэгдэж байсан дөрвөлжин бичиг, 17- р зуунд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө манжийн эсрэг тэмцэж байх үед дөрвөн ойрадыг нэгтгэх зорилгоор ойрадын Заябандид Намхайжамцын зохиосон тод үсэг, анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын зохиосон Соёмбо үсэг, тод үсгээс эх авч буриад болон монгол хэл аялгуу, орос хэлний хэрэглэгдэхүүнийг тэмдэглэх зорилгоор Буриадын лам Агвааны зохиосон вагиндра үсэг зэрэг монголчуудын үе үедээ зохион хэрэглэж байсан 11 төрлийн бичиг үсгээр хадан дээр үг сийлжээ.

Жуулчны баазын захирал Н. Цоож хэлэхдээ,  “Руни бичгээр “Шинэ жилийн мэнд хүргэе” гэж бичсэн. Бусад арван төрлийн бичиг үсгээр “Аяны өлзий оршиг” гэж бичиж сийлсэн. Бидний энэ ажилд МУИС-ийн доктор н.Гантогтох, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан багш н.Өлзийбат нар тусалсан” гэлээ.

Дундговь аймаг энэ оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгосон бөгөөд “Баянбулаг” жуулчны бааз энэ жилийн хүрээнд “Монголчуудын өв соёл” хэмээх төсөл боловсруулж аймаг орон нутгаас дэмжлэг хүссэн байна. Энэ төсөл нь “Монголчуудын бичиг үсгийн гайхамшиг”, “Монголын уламжлалт аж ахуйтан өрх гэр” хэмээх хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд санхүүгийн дэмжлэг авч чадаагүй тул эхний удаад өөрсдийн хөрөнгөөр “Монголчуудын бичиг үсгийн гайхамшиг” төслөө ийнхүү эхэлжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news
Comments