Бээжингийн олимпын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-01-21 16:42:10

БЭЭЖИН. /CCTV/. “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын галт бамбарыг хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд буухиална гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.


Тус телевизээр мэдээлснээр, бамбарын буухиаг Олимпын наадмын тэмцээн уралдаан болох гол гурван газар буюу Бээжин хот, Янчин нийслэлийн хошуу болон Хэбэй мужийн Жанчхүү хотод зохион байгуулна. Бээжин хотын дөрвөн бүсэд Олимпын галыг буухиалан дамжуулах бол Янчинд хоёр, Жанчхүү хотод таван бүсэд болно.


Буухиаг эхлүүлэх ёслол хоёрдугаар сарын 2-нд Бээжин хотод болох бөгөөд галт бамбар Хятадын нийслэл хотын төвөөс хойд зүгт орших Олимпын цэцэрлэгт хүрээлэн болон хотын баруун хэсэгт орших өвлийн Олимпын наадмын цэцэрлэгт хүрээлэнгээр аялна. Хоёрдугаар сарын 3-ны өглөө бамбарыг Янчин хошуунд хүргэж, Хятадын цагаан хэрмийн Бадалин хэсэг болон “International Grape Exhibition Garden” үзэсгэлэнгийн цогцолборт дамжуулна. Харин үдээс хойш бамбарыг Жанчхүү хотод авчирч, Янюань хотын Балгасны цэцэрлэгт хүрээлэн, Жанбэй хошууны Дешен тосгон, Жанчхүү хот дахь Аж үйлдвэрийн парк (Industrial Cultural Theme Park), Чунли хошууны Фулонг цанын бааз, түүнчлэн Цагаан хэрмийн Дажинмэн хэсэгт буухиална. Харин хоёрдугаар сарын 4-нд Бээжинд буцаан авчирч, эзэн хааны зуны ордон  “Ихэюань”, Олимпын цэцэрлэгт хүрээлэн болон Гранд-канал"цэцэрлэгт хүрээлэнгээр аялуулна.


Хятадын төв телевизээр мэдээлснээр, галт бамбарын буухианд 50 орчим хүн оролцоно.


2022 оны өвлийн Олимпын галыг өнгөрсөн оны 10 дугаар сарын 20-нд Афин хотоос Хятадын нийслэлд авчирсан билээ.


Олимпын наадмын бэлтгэл

Хятад улс одоогоор олимпын наадмын эцсийн бэлтгэлээ базааж байна. Нэгдүгээр сарын 22-нд буюу бямба гарагт 2008 оны зуны XXIX олимпын наадмын нээлт болж байсан "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Наадмын нээлтийн ёслолын хоёр дахь бэлтгэлийг хийнэ.


Олимпын наадамд оролцох гадаадын төлөөлөгчид ирэх долоо хоногт Хятадад ирэх төлөвтэй байна. Нэгдүгээр сарын 27-нд Бээжин, Янчин хошуу болон Жанчхүү хотод олимпын гурван тосгоныг албан ёсоор нээх ёслол болно.


Өвлийн Олимпын XXIV наадам Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно.


2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпурт болсон Олон улсын олимпын хорооны хурлаар БНХАУ-ын нийслэлийг олимп, паралимпын наадмыг зохион байгуулах газраар сонгосон билээ. Бээжин хот нь зуны (2008 он) болон өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан дэлхийн анхны хот болж буй юм. 


 


Related news