Гадаа талбайд худалдаа хийхийг 9 дүгээр сарын 1 хүртэл зөвшөөрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад суманд гадаа талбайд худалдаа хийхийг 9 дүгээр сарын 1 хүртэл зөвшөөрчээ.
Жил бүрийн намраар тариаланчид ургацаа хураах үе, хичээлийн шинэ жил эхлэхтэй давхцаад худалдааны төвийн гадаа талбайд худалдаа эрхлэх хүмүүсийн тоо нэмэгддэг билээ. Энэ үеэр тухайн орчмын дэлгүүрүүд, гадаа худалдаа эрхлэгч нарын дунд маргаан дэгддэг. Тиймээс Хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдэд чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх боломжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж наймаа эрхлэгчидтэй уулзсан байна. Уулзалтын үеэр эрүүл ахуйн тухай хуульд гадаа талбайд худалдаа эрхэлж буй хувь хүмүүсийг 50-100 мянган төгрөгөөр торгохоор заасан байдгийг тайлбарласан юм.
Гадаа наймаа эрхлэгч нарын хүсэлт, дэлгүүрийн эздийн эрх ашгийг харгалзан худалдааны төвөөс зайдуу "Ажнай" талбайд 9 дүгээр сарын 1 хүртэл наймаа эрхлэхийг зөвшөөрч байгаа аж. Харин зөвшөөрсөн хугацаа дуусмагц ил талбайд худалдаа хийлгэхгүй болохыг анхааруулжээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн