Монгол Улсын түүхийг анх удаа виртуалаар харуулсан танхимыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
btlnmn@yahoo.com
2022-11-28 09:12:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, Монголын Үндэсний музей, Guyhuk Метаверс хамтран Монголд анх удаа виртуал орчинд Монгол Улсын түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимыг нээлээ.


Энэ онд Монголын Үндэсний музейгээс 1921-2021 оны үед холбогдох 280 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг дээжлэн “МОНГОЛ УЛС 1921-2021 он” шилдэг үзмэрийн дээжис цомгийг эрхлэн хэвлүүлсэн билээ. Энэхүү цомгийн үзэл баримтлалын дагуу 100 жилийн түүхэнд холбогдох Монголын Үндэсний музейн сор болсон 16 үзмэрийг виртуал үзэсгэлэнд толилуулж байгаа юм.


Тухайлбал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялахад гол хүчин болсон МАН-ын тамга, 1924 онд батлагдсан анхны Үндсэн хууль, 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль, Монгол Улсын боловсрол, соёл, шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнгийн мөнгөн тамга, БНМАУ-ын анхны гавьяа шагнал болох одон, 1944 оны Маршал Х.Чойбалсангийн Маршалын од, ёслолын дүрэмт хувцас, сэлэм, Монгол Улсын эдийн засгийн суурь болох мал аж ахуйн салбарыг төлөөлөх Улсын алдарт сайн малчдад олгож байсан шагнал, Эрүүл мэнд хүн амын өсөлтийг илэрхийлэх 2 сая дахь иргэний тэмдэг, 1981 онд сансарт ниссэн сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн сансрын бүхээгийн тусгай өмсгөл, өнөөдрийн Монгол Улсын хил хязгаар хийгээд ХХ зуунд дэлхийд тамгалагдсан хилийн захын дөрвөн цэгт орших Соёмбот хөшөөний эх загвар зэргийг үзэгчид монгол, англи, худам монгол бичгийн тайлбартайгаар үзэж сонирхох боломжтой.



Related news