Тяньжин боомтод тээвэр ложистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-08 08:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.


Сайд С.Бямбацогт “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг. Цар тахлын үед тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ чухлыг ойлгосон. Тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг шийдэхэд анхаарч, тусалсанд талархаж байна. Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, 2 улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй. Иймд төслийг шуурхай эхлүүлэх шаардлагатай. Үүний тулд “Монголиан порт групп" ХХК-ийн дүрэм, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдэх үүрэг өгсөн. Цаашид төсөл хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжинэ. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой” хэмээлээ.


Төсөл хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгааг ЗТХЯ мэдээлэв. 


Тяньжин Порт групп ХК-ийн төлөөлөл ЗТХ-ийн сайдыг 2 улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байгаад талархсанаа илэрхийлж, дээрх төсөл хөтөлбөрүүдэд бүх талаар хамтран ажиллахаа хэлжээ.

Related news