ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 43 хүн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-20 12:27:41

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 16-17-ны өдөр Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулсан.


Төрийн байгууллагын 20 ажилтан, албан хаагч энэ удаагийн шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт дээр ажиллаж,  хяналт, ил тод байдлыг цогц бүрдүүлжээ.   


Уг шалгалтад 208 иргэн оролцохоор бүртгүүлснээс найман ээлжээр 175 иргэн нь оролцож, 84.1 хувийн ирцтэй өрнөв. Шалгалтад оролцсон иргэдээс 43 нь тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдлээ.   


Тэдний нэг бол Ховд аймгийн Буянт сумын харьяат, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж буй хилчин байлдагч Б.Тэмүүжин юм.  

Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр төрийн албанд ажиллах зорилготой учир шалгалтад орж 83 хувьтай тэнцжээ.  

Эх орныхоо дархан хилийг манаж, цэргийн алба хаах явцад  шалгалтад бэлтгэж, амжилт гаргаж болдог гэдгийг тэрбээр харуулсан байна.


Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн хилчин байлдагч Б.Тэмүүжинг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.


Дээрх шалгалтын явцад техникийн болон өөр ямар нэгэн гэмтэл, саатал гараагүй гэж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс мэдээллээ.


Өнгөрсөн  2022 онд  Ховд  аймаг төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулсан. Энэ үеэр нийт 354 иргэн шалгалт өгсөнөөс 101 хүн тэнцэж,  төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэсэн байдаг. 


2023 оноос эхлэн "Төрийн албаны тухай хууль"-д орсон өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа зохион байгуулах аж.    



Related news