ЭЗХАХБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-06-07 16:16:51

ПАРИС. /AFP/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБинфляц саарч, Хятад улс “COVID-19”-тэй тэмцэх хязгаарлалтуудаа цуцалсантай холбогдуулан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг үл ялиг ахиулжээ.


Парист төвтэй тус байгууллага гуравдугаар сард дэлхийн эдийн засгийг энэ онд 2.6 хувиар өснө гэж таамаглаж байсан бол энэ удаа уг үзүүлэлтийг 2.7 хувьд хүргэж ахиулжээ. Гэхдээ энэ нь 2022 оны 3.3 хувийн өсөлтөөс доогуур хэвээр байна.


“Дэлхийн эдийн засаг хүндхэн үеэс гарч эхэлж байгаа ч хүчтэй, тогтвортой өсөлтийн замдаа ороход урт зам хүлээж байна” гэж ЭЗХАХБ-ын ахлах эдийн засагч Клейр Ломбарделли эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тайланд бичжээ.


Харин 2024 оны өсөлтийн төсөөллийг 2.9 хувьд хэвээр үлдээсэн байна.


Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ буурч, нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд байсан саатал тасалдал арилж, Хятад улс урьдчилан таамаглаж байснаас эрт хязгаарлалтуудаа цуцалсан нь эдийн засгийн сэргэлтэд хувь нэмрээ оруулж байна гэж ЭЗХАХБ мэдээлжээ.


Гэхдээ үнэ нь хэлбэлзэлтэй байдаг эрчим хүч, хүнсний үнийг хасаж тооцдог суурь инфляц урьдчилан тооцоолж байснаас өндөр байгааг тайланд дурдаад, энэ нь хэрэглээний үнийг сааруулахын тулд бодлогын хүүгээ хэдийнээ өсгөөд байгаа Төв банкуудын зээлийн өртгийг цаашид улам нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй хэмээн бичсэн байна.


ЭЗХАХБ дэлхийн хамгийн том эдийн засагт тооцогддог АНУ-ын 2023 оны өсөлтийн төсөөллийг 1.6 хувь, хоёр дахь том эдийн засагтай орох болох Хятадын өсөлтийг 5.4 хувьд хүргэж тус бүр 0.1 хувиар ахиулсан байна. Мөн еврогийн бүсийн төсөөлөл 0.1 хувиар өсгөж, 0.9 хувьд хүргэжээ. Түүнчлэн өмнөх тайланд агшина гэж таамаглаж байсан Их Британийн эдийн засаг 0.3 хувиар өсөх тооцоо гарсан байна. Харин Германы эдийн засгийн өсөлтийн талаарх төсөөллийг эрс бууруулж 0.0 хувьд, Японыхыг үл ялиг бууруулж 1.3 хувь болгосон байна. 



Related news