Хүүхдийн спортын YII наадам анх удаа хөдөө орон нутагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-08 13:44:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын зуны YII наадмыг Баянхонгор аймаг энэ сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсныг өнөөдөр болсон зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан Хэвлэлийн бага хурлаар зарлалаа.


Хэвлэлийн хуралд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ-ны дарга О.Баттулга, тус хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат, Аймгийн БТСГ-ын дарга Б.Оюунбаатар болон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Жинст сумын харьяат чөлөөт бөхийн ОУХМ, улсын залуу начин Э.Батмагнай нар оролцсон юм.


Тус аймаг нь 2016-2022 оны хооронд бүсийн болон улсын чанартай өсвөр үеийн 5, залуучуудын ангиллаар 1, насанд хүрэгчдийн 3, ахмадын 1 тэмцээнийг зохион байгуулж, 9332 тамирчин, дасгалжуулагчийг хамруулсан, мөн “Баянхонгор бага олимп”-ыг 3 удаа зохион байгуулсан зэрэг үзүүлэлтээр орон нутгаас анхлан Хүүхдийн спортын наадмыг өөрийн аймагт зохион байгуулах эрхийг авч чадсан байна.


Энэ удаагийн Хүүхдийн наадам чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг болон 3х3 сагс, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усанд сэлэлт, буудлага, хүндийн өргөлт зэрэг спортын 23 төрлөөр зохиогдох ажээ.


Тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан хийхээр төлөвлөсөн байна. Хүүхдийн спортын YII наадамд 7000 гаруй тамирчин өрсөлдөх судалгаа гарчээ. Тэмцээний бэлгэдлээр говийн баавгай болох Мазаалайг сонгосон нь бас учиртай. Дэлхийн улаан номд орсон, ганцхан Монголд байдаг мазаалайг сурталчлах, бүх нийтийн анхаарлыг хандуулах, ирээдүй хойчид сануулах зорилгоор сонгосон гэдгээ аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тодотгосон. Тоо толгой нь 50-д хүрсэн мазаалай тус аймагт байдаг нь ч давуу тал болсон бололтой.


Хүүхдийн наадмын хүрээнд хоорондоо нөхөрлөж, хамтдаа хөгжиж, байгаль дэлхийгээ хамтдаа хайрлан хамгаалахын тухайд “Нөхөрлөе, хөгжье, хамгаалъя” уриаг дэвшүүлээд зогсохгүй “Хог биш ээ, мөнгө” челленжийг эхлүүлээд байгаагаа сэтгүүлчдэд дуулгасан юм. Энэ аяны хүрээнд Баянхонгорчууд хогоо ангилж ялгадаг дадалд суралцжээ.


Хуралд оролцсон аймгийн удирдлагууд “Тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгуулахаар хичээж байгаа. Наадмын 10 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлыг шийдэж байна. Хүүхдүүдийг байрлуулах байр, хоолны асуудлыг аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгээ түшиглэн шийдвэрлэх болно. Энэ сарын 15 гэхэд тэмцээн уралдаан болох бүх заал талбайг бэлэн болгосон байна. Ер нь аль болох бага зардлаар олон хүүхэд хамруулж, тэдний аюулгүй байдлыг хангаж, тэмцээндээ амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа” гэсэн бол, тус аймгийн төлөөлөл болсон алдартай тамирчид “Хүүхдийн спортын наадам анх удаа хөдөө орон нутагт болох гэж байгаад баяртай байна” гээд тамирчин дүү нартаа амжилт хүсч байлаа.


Энэ удаагийн Хүүхдийн спортын зуны YII наадамд 197 жин, зайд 1500 медалийн төлөө 14-18 насны 7000 гаруй хүүхэд өрсөлдөх юм байна. 

Related news