НҮБ-ын тэргүүн байгаль дэлхийтэйгээ эвлэрэн найрамдахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-06-08 14:26:17

НЬЮ-ЙОРК. /The Guardian/. Канадад дэгдсэн ойн түймрийн улмаас Хойд Америкийн олон сая оршин суугчийн амьсгалж буй агаарын чанар муудаад байгаа энэ үед НҮБ-ын тэргүүн ойн түймрийн эрсдэлийг бууруулахын тулд яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа.


А.Гутерреш “Twitter” хуудсандаа ийнхүү нийтлэхдээ Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны 38 дугаар давхар дахь ажлын өрөөнийхөө цонхоор харж буй зургаа хавсаргасан байна. Уг зурагт улбар шар өнгөтэй түймрийн утаа хотыг бүрхсэн байгаа нь харагдаж байжээ.


“Канадын түймрийн утааны улмаас агаарын чанар муудаж байгаа нь Нью-Йорк дахь НҮБ-ын байранд байгаа бидэнд мэдрэгдэж байна. Дэлхийн температур өсөхийн хэрээр ойн түймрийн эрсдэлийг бууруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Бид байгаль дэлхийтэйгээ эвлэрэн найрамдах хэрэгтэй” гэж НҮБ-ын тэргүүн мэдэгджээ.


Канад улс тавдугаар сарын эхэн үеэс ойн түймэртэй тэмцэж байгаа бөгөөд түймрийн 400 гаруй голомт идэвхтэй хэвээр байна. Ойн түймэр дэгдсэнээс хойш 3.8 сая гаруй га талбай шатаж, 20 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Related news