БАЯНХОНГОР: Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-20 09:08:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн таван жилийн байдлаар усны ослоор 28 хүн амиа алджээ.


Энэ нь гол төлөв аялал зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа хангаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орсон, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, автомашинтай зорчихдоо усны түвшин ихэссэн үед баталгаагүй зам, гарам, гарцаар гарсан зэрэг шалгаан нөхцөлөөс үүджээ.


Монгол Улсын Шадар сайдын 2023.01.03-ны өдөр баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн Түйн голын эрэг дагуу буусан айл өрхүүдэд аймгийн Онцгой байдлын газраас хяналт, шалгалт хийлээ. Голын усны түвшин нэмэгдэж үер, усны осолд өртөж болзошгүй айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлэхээс гадна амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг мөн өгчээ.


Мөн тус аймагт 6 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгуулах Монголын Хүүхдийн спортын VII наадмын үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, иргэд олон нийт олноор цуглардаг голын эрэг дагуу үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийн самбаруудыг байршуулсан байна.



Иргэд амарч зугаалахдаа,

- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх

- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү явуулж, тоглуулахгүй байх

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

- Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах

- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх 

- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах

- Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Related news