БАЯНХОНГОР: Крикетийн шигшээ тэмцээнд нийслэлийн дөрвөн дүүрэг, дөрвөн аймгийн төлөөлөл оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-20 14:32:35

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын Крикетийн шигшээ тэмцээнд нийслэлийн дөрвөн дүүрэг, дөрвөн аймгийн төлөөлөл болсон 12 баг оролцож байна. 


Крикетийн шигшээ тэмцээн Баянхонгор аймгийн крикетийн талбайд өнөөдөр эхэлсэн. Манай улсад шинэ тутам хөгжиж байгаа крикетийн спорт нь анх удаа хүүхдийн спортын их наадмын хөтөлбөрт багтсанаараа онцлог.


Орон нутгаас Говьсүмбэр, Дархан-Уул, Хэнтий, Баянхонгор аймгийн багууд оролцож байгаа бол Улаанбаатар хотоос Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар  Баянзүрх дүүргийн багууд өрсөлдөж байна.


Монголын Крикетийн холбоо өнгөрсөн онд олон улсын холбоонд элсэж тив дэлхийн тэмцээнүүдэд тамирчдаа оролцуулах эрхтэй болсон юм. Тиймээс энэ удаагийн Хүүхдийн их наадмаас өсвөрийн шигшээ баг бүрдүүлэхээр төлөвлөжээ.


Монголын хүүхдийн спортын VII их наадмын Крикетийн шигшээ тэмцээн 27-ны өдөр дуусна.

Related news