Эдийн засгийн чуулганд “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг томоохон хөрөнгө оруулагчид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-23 13:49:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ард санхүүгийн нэгдэл”-ээс удахгүй болох “Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын талаар мэдээллээ. Тус нэгдэл чуулганыг зохион байгуулагч хувийн хэвшлийн гол байгууллагаар ажиллаж ирснийг Монголын Эдийн засгийн форум ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг хэллээ. 


Монголын эдийн засгийн форумын ерөнхийлөгч зохицуулагч Ж.Алтангүнийн мэдээлж буйгаар “Welcome to Mongolia” уриан дор болох энэ удаагийн чуулганыг өмнөх форумуудаас гурван онцлогтой зохион байгуулж буйг дуулгалаа. Үүнд:

  • Нэгд, өмнө нь чуулган зөвхөн Төрийн ордонд нэг өдөр хуралддаг байсан бол энэ удаагийн чуулган 3 өдөр үргэлжилж, салбар хуралдаанууд болон нүүр тулсан ажил хэргийн уулзалтууд “Чингис хаан”-ы музей, “Шангри-Ла” зочид буудал зэрэг 5-6 байршилд болох аж. Урлаг, соёлын үйл ажиллагаанууд УДЭТ болон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт болно.
  • Банк, санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон компани, байгууллагуудын төлөөлөл ирж оролцоно. Монгол Улсад хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонирхож оролцохоо мэдэгдэж, урьсан оролцогчдын тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж байна.
  • Мөн эдийн засгийн салбарын ажил хэрэгч хүмүүс, бизнесийнхний нүүр тулсан VIP уулзалтууд, манлайлагчийн уулзалт, залуучуудын яриа хэлэлцээ зэрэг арга хэмжээ, болохоор төлөвлөсөн тул үйл ажиллагаа өмнөхөөс өргөн дэлгэр болохыг хэллээ.  

2012 онд манай улсын эдийн засаг өндөр өсөлттэй байснаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголд олноор ирж байсан. Тэр үе шиг, өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоонд шилжиж буй энэ үед дэлхийн банк, санхүү, хөрөнгө оруулагчдын болон олон улсын байгууллагуудын томоохон төлөөлөгч нар манай улсыг сонирхон ирж байна гэв. Тиймээс “Монголын эдийн засгийн чуулган-2023”-аар Бодлогын Tink tank зөвлөл байгуулна гэдгийг тэрбээр мэдэгдлээ.


“Монголын Эдийн засгийн чуулган-2023”-ы салбар хуралдаанууд “Ирээдүй хөгжил-Газрын ховор элемент, зэс, уран”, “Хөрөнгө оруулалтын орчин”, “Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, салхи, устөрөгч”, “Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орны гарц” зэрэг сэдвээр болох аж. Соёл, урлагийн үйл ажиллагааны үеэр чуулганы зочид, төлөөлөгчдөд “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр тоглож үзүүлэхээр төлөвлөж буйг мөн мэдээллээ.

 


Чуулганы үндсэн илтгэлүүдийг ямар сэдвээр, хэн хэн тавих талаар тодруулахад тэрбээр, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын парламентын засаглал болон Монгол Улсын эдийн засгийн талаар үндсэн гол илтгэлүүдийг тавина. Мөн Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч болон “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга ирж биечлэн оролцож илтгэл тавина гэв. 


Мэдээллийн үеэр Дэлхийн Эдийн засгийн форумын “Шинэ аваргууд” нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Монгол Улсаас “Ард санхүүгийн нэгдэл” анхны гишүүн компани болсныг тус нэгдлийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ч.Ганхуяг дуулгалаа.



Ж.Алтангүний: Чуулганы хуралдаан болох байршил олширч, оролцогч төлөөлөгчдийн тоо нэмэгдэж, олон төрлийн арга хэмжээг нэг дор олноор зохион байгуулж буйгаараа “Монголын эдийн засгийн чуулган"-ы энэ удаагийн форум онцлог болно.



“Монголын Эдийн засгийн чуулган”-ыг сурвалжилж мэдээлэхээр дэлхийн хэвлэл мэдээлийн CNN, Bloomberg, Al Jazeera, ABC news, Financial Times томоохон байгууллагуудын төлөөлөл, сурвалжлагч, сэтгүүлч нар Монголд ирнэ. 



Related news